Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэгийг энэ сарын 24-ний өдрөөс зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар өнөөдөр Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагуудтай цахимаар уулзаж, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Тэрээр түвшин тогтоох үзлэгт ороход бэлтгэл ажлыг бүрэн хангаж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн байхад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар анхаарахыг захиж, офицер, ахлагчаа 100 хувь бүрэн хамруулах ёстойг онцоллоо. Мөн тэрээр цэргийн алба, сахилга хариуцлагаа нэмэгдүүлэхэд алхам тутамдаа анхаарч, үр дүн гарах шаардлагатай байгааг дурдсан. Түвшин тогтоох үзлэгийг ажлын гүйцэтгэл, үр дүн, албаны хандлага, мэргэжлийн түвшин, сахилга, ёс зүйн төлөвшил, бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн байдал зэрэг таван чиглэлээр авна. Үзлэг нь офицер, ахлагчийн мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшин тогтоох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, цэргийн алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой юм. Үзлэг Улаанбаатар цэргийн хүрээний ангиудаас эхэлж, 8 дугаар сарын сүүл үе хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд болон бүтээн байгуулалтын ангиудын офицер, ахлагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдах юм. Түвшин тогтоох үзлэгийн ажлын хэсгийн даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга нар ажиллаж байна.