“Бага ангийн хүүхэд бүр “Миний эх орон” сэдэвт зохион бичлэг бичдэг. Эх орон минь ийм сайхан нутагтай, аюулгүй тайван гээд л хүүхэд бүр сэтгэлдээ төсөөлдөг сөн. Гэвч том болох тусам энэ төсөөлөл минь замхарч, гашуун үнэнтэй нүүр тулж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагч нь хүнд сурталтай, зарим нь бүр авлига авч, дарга, жирийн ардад хууль нь тэгш бус үйлчилж, хөдөлмөрлөж олсон орлогоосоо төлсөн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө ч эдэлж чадахгүй гээд бидэнд учирдаг бэрхшээлийг тоочоод баршгүй нь. Эдгээр асуудлыг төр шийдэх ёстой. Харин төрийг удирддаг хүмүүсийг иргэд сонгодог. Өмнөх үеийнхний муу сонголтын балгийг бид биеэрээ туулж байна” гэж нэгэн иргэн цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Түүний хэлсэнчлэн манай улсад “овоорсон” олон асуудлыг шийдэж чадахгүй өдий хүрсэн нь нээрэн л буруу буюу ур чадваргүй, ёс суртахуунгүй, хариуцлагагүй хүнийг төлөөллөөрөө сонгосны “бэлэг”. Тэгвэл иргэд яагаад ийм хариуцлагагүй сонголт хийсээр ирсэн юм бол. Жишээ дурдъя. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цахим сүлжээгээр шууд дамжуулж байв. Түүний доор “Ийм хэрэггүй зүйл хэлэлцэж байхаар хилээ нээх шийдвэрээ хурдан гаргахгүй юм уу, архи зарахыг хориглох хэрэгтэй байна, нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг хаасан уу” гэхчлэн иргэд бичжээ. Угтаа бол эдгээр асуудлыг УИХ биш, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар шийддэг. Ямар ажил хийх чиг үүргийг нь энэ мэтчилэн мэдэхгүй байж тухайн албан тушаалд тохирох “зөв” хүнээ сонгох нь юу л бол.
“Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхгүйгээр ардчилал бат оршин тогтнохгүй” хэмээн нэгэн ухаантны хэлсэнчлэн үнэхээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хууль нь тэгш үйлчилдэг, төрийн үйлчилгээ нь хүртээмжтэй, иргэнээ хөгжүүлж, ажилтай орлоготой байхад чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг улс болохын үндэс нь хариуцлагатай сонгогчид. Тэгвэл сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төр, засгаас хэрхэн анхаардаг вэ.
НОМХОН ТЭМЭЭГ НООЛОХОД АМАР
Зарим улсад хотын даргад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цэцэрлэгийн хүүхдүүдэд ойлгомжтойгоор тайлбарлаж, та алийг нь дэмжих вэ гэж сонгуулдаг аж. Бага, дунд ангид нь тэрхүү мөрийн хөтөлбөрөө хэдэн хувиар биелүүлсэн, эсэхэд нь дүн шинжилгээ хийлгэх, өөрт болон ойр тойрныхон, сургууль, хүрээлэн буй орчинд нь тулгамдаж буй асуудлыг хэн шийдвэрлэх үүрэгтэй, түүнд нь уламжилж, хийхийг шаардахад сургах зэргээр сонгогчдын боловсролыг багаас нь олгодог байна. Харин манайд эсрэгээрээ, “сонгогчдын боловсролгүй” болгож хүмүүжүүлдэг гэхэд хилсдэхгүй. Сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрх, сонгох, сонгогдох эрхийн талаар агуулга бий ч багш нарын ур чадвар, боломж, сонгууль, улс төрийн мэдлэг багатайгаас шалтгаалж дээрх шиг бүтээлч хэлбэрээр заадаггүйг СЕХ-ны Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа хэллээ. Түүнчлэн сонгогчдын боловсролыг зөвхөн сургалтын хөтөлбөрөөр олгох нь хангалтгүйг “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа онцлов. Тэрбээр “Сонгогчийн боловсрол нь Үндсэн хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх бүхий төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэх заалтыг тайлбарлан таниулахаас эхэлнэ. Засгийн эрх барих эрхээ эдэлнэ гэдэг нь зөвхөн сонгуулийн өдөр санал өгөх төдийхнөөр хязгаарлагдахгүй. Мөрийн хөтөлбөрөө дараагийн сонгууль хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж байна уу гэдгийг хянаж, үнэлж, амлалтыг нь сануулан, шаардаж, шийдвэр гаргах процесст бүтээлчээр нөлөөлөх нь сонгогчийн оролцооны 99 хувь нь байдаг. Тийм учраас сонгогчдын боловсрол бол иргэний цогц хариуцлагын систем. Ямар сонгогчидтой байна, тийм л төр засаг оршин тогтноно гэдэгтэй би санал нийлдэггүй. Учир нь сонгууль, ардчилал гэж юу вэ, улс төрийн үйл явц хэрхэн өрнөдөг, шийдвэрээ яаж гаргадаг, улс төрийн нам ямар чиг үүрэгтэй байгууллага болохыг иргэдэд зааж, ойлгуулж, хангалттай мэдээлэл, мэдлэг өгөөгүй хэрнээ сонгогчдыг буруутгах учиргүй. Сонгогчдын боловсролын чиглэлээр ямар ч хөтөлбөр, стандартгүй бараг ганц улс нь манайх гэхэд буруудахгүй” гэв.
2006 онд баталсан, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.1.6-д “Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” үүргийг СЕХ хүлээсэн байдаг. Гэвч тус хороонд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төсөв олгодоггүй тул тухайн сонгуулийн жилд л гарын авлага, зөвлөмж, зааварчилгаа бэлтгэн, нийтэд хүргэдэг хэмээн учирлана лээ. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан 26.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний 300 орчим сая төгрөгийг нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд буюу гарын авлага, зөвлөмж бэлтгэн, цахим сүлжээ, мөн радио, телевизээр түгээхэд зарцуулж буй аж. Энэ нь Баян-Өлгий, эсвэл Дорнодын нэгэн сумд малаа хариулаад, завгүй амьдарч буй иргэдэд хүрч, мэдлэг олгоход хангалтгүй нь мэдээж.
Улс төрийн намууд ч сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Гэтэл үүнийгээ биелүүлэх нь бүү хэл сонгуулийн зарчим, тогтолцоог өөрт ашигтай байдлаар гуйвуулан тайлбарлаж, иргэдийг төөрөгдөлд оруулах зүйл хийдгийг судлаачид шүүмжилдэг. Жишээ нь, 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Нэг намын гишүүдийг л сонгохгүй бол саналын хуудас чинь хүчингүй болно” гэх буруу ухуулга хийж байв.
Бусад улсад сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ажлыг сонгуулийн төв байгууллага нь хариуцаж, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр тасралтгүй хэрэгжүүлдэг аж. Ингэхдээ сургуулийн өмнөх, бага, дунд боловсролоор сонгогчдод ямар дадал, хэвшил бий болгож, мэдлэг эзэмшүүлэхийг нь хөтөлбөрийн стандартад заасан байдаг гэнэ. Германд гэхэд Боловсролын яам нь нийгэм, улс төрийн, сонгогчдын, ардчиллын боловсрол олгох үүрэгтэй, үүнийгээ хангалттай хэрэгжүүлдэг байна. ХБНГУ-ын улс төрийн сангуудын үйл ажиллагааг ч энэ чиглэлд идэвхтэй хандуулдаг юм билээ. Харин манайд иргэд сонголтоо хийх мэдлэг, боловсролтой байхыг УИХ-ын гишүүд чухал гэж үздэггүй бололтой. Төсөв хэлэлцэх үеэр тэдний амнаас ийм үг гардаггүй. Шуудхан хэлэхэд мэдлэгтэй, хариуцлагатай сонгогчид тэдэнд таалагддаггүй гэсэн үг. Сонгогчдыг “сэхээрүүлэх” ажил хийхгүй ирсэн нь улстөрчдөд ашигтай байж болох талтай. “Номхон тэмээг ноолоход амар” гэгчээр сонгогчдын санаа бодлыг өөрт ашигтайгаар эргүүлэх зорилготой байхыг ч үгүйсгэхгүй.
Конрад Аденауэр сангаас 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө 18-35 насныхны дунд судалгаа явуулжээ. (Дэлгэрэнгүйг графикаас харна уу) Сонгуулийн талаар таны бодол гэсэн олон хариулттай асуулгад судалгаанд хамрагдсан 31-35 насныхны 38.5 хувь нь “Бохир аргаар төрд шургалах оролдлого”, 30.5 хувь нь “Сонгогчдын санал худалдаж авах үйлдэл”, 35.2 хувь нь “Сонгогчдын дуу хоолойг төрд хүргэх боломж”, 29.7 хувь нь “Шалгарсан, тэргүүний улстөрчдөөр төр бариулах хэлбэр”, 20.9 хувь нь “Сонгогчдыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх явуулга” гэж хариулсан байна. Залуус яагаад сонгуулийн талаар ийм ойлголттой байна вэ. Үүнд хэн буруутай вэ. Ийм итгэл үнэмшилтэй хүмүүс сонголтдоо хайнга хандах нь ойлгомжтой юм биш үү.
ЦАХИМ СҮЛЖЭЭ БОЛ ЭРСДЭЛТЭЙ ОРЧИН
Монголд иргэний нийгмийн байгууллагууд л сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр иржээ. АНУ-ын Хөгжлийн хөтөлбөр буюу USAID, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Зориг сан, Азийн сан, “Нээлттэй нийгэм форум”, “Бодлогод залуусын хяналт”, “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллага “Өглөө”, “Сонгох өдөр” зэрэг фэйсбүүк хуудас болон өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлэл, зөвлөгөө хүргэж буй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цахимаар нөлөөллийн ажил явуулж байгаагаа тэдний төлөөлөл хэлсэн. Нөгөө талаас сонгогчдын 70 шахам хувь нь буюу 18-45 насны залуус олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч учир цахим талбарыг сонгосон аж. Түүнчлэн 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээгээр түгээсэн мэдээллийн 70 орчим хувь нь сонгогчдыг төөрөгдүүлсэн, худал, дэгсдүүлсэн шинжтэй байсныг Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн мониторингийн дүнд дурдсан байдаг. Тэгэхээр цахим сүлжээ нь сонгогчдын санаа бодлыг төөрөгдүүлэх эрсдэлтэй орчин болжээ. Үүний эсрэг дархлаа сонгогчдод байна уу. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэдээ, мэдээлэл түгээдэг “Сонгох өдөр” цахим хуудас нь 19, “Өглөө” нь 25 мянга орчим дагагчтай. Гэтэл хэнд саналаа өгөх вэ гэсэн асуулга, эсвэл түүнийг дэмжинэ гэх олон сэтгэгдэлтэй “Нам бус иргэдийн нэгдэл”, “Иргэдийн дуу хоолой” зэрэг бүлгэм нь дээрхээс хоёр, гурав дахин их гишүүнтэй байх жишээтэй. Тиймээс мэдээллийг дор хаяж баталгаатай гурван эх сурвалжаас нягталж байж итгэх зэргээр цахим орчинд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил хийх шаардлагатайг иргэний нийгмийн төлөөлөл анхааруулсаар байна.
Цахим сүлжээнээс гадна залуусын улс төр, нийгмийн үйл ажиллагааны оролцоонд тэдний сонсож буй дуу нь ихээхэн нөлөөлдгийг судлаач Б.Уянга өгүүлэлдээ онцолжээ. Тодруулбал, залуусын хамгийн их сонсдог гэж хариулсан дөрвөн дууны утгад анализ хийхэд “чи” гэдэг үг хамгийн их давтагдсан байна. “Би” биш, “чи” төвтэй дуу ихээр сонсдог нь “Миний саналаар дутахгүй”, “Би сонгуульд оролцож, саналаа илэрхийлсэн ч энэ бүхнийг шийдэж чадахгүй” гэх хандлагыг төлөвшүүлдэг хэмээн дүгнэсэн байна. Тиймээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд алдартай уран бүтээлчдээр улс төрийн мэдлэг олгох контент хийлгэх, түүнийг нь төрөөс санхүүжүүлэх боломжтойг зөвлөжээ.
Эцэст нь хэлэхэд, менежментийн PDCA зарчим буюу төлөвлө, хий, шалга, үйлд гэсэн загварыг сонгогчид саналаа өгөхдөө хэрэгжүүлж болох аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг судлах, мөрийн хөтөлбөр, Төрийн тэргүүний эрх, үүрэгтэй танилцах, саналаа хаана, хэзээ өгөх, дараа нь амлалтаа биелүүлж байна уу гэдэгт дүн шинжилгээ хийхээр төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж, нягтлах зарчмыг баримтлах нь үр дүнтэй гэнэ.
Эс үйлдэхүйгээрээ иргэдийг сонгогчдын боловсролтой биш, “сохор” болгох гэсэн улстөрчдийн “мэх”-нд бүдэрдэггүй хариуцлагатай сонгогч байх нь бидний ирээдүйг гэрэлтэй болгоно.