Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор жуулчдын ихээр зорчдог гол бүс нутгуудын дэд бүтцийг сайжруулах арга хэмжээг холбогдох албаныхан авч буй. Эл ажлын хүрээнд Увс аймагт аялагчдын тав тухыг хангасан отоглох цэгүүдийг нэмж байршуулахаар болжээ. Тус отоглох цэгт машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчин багтах аж. Энэ нь Увс аймгийг зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалж, байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал цэг болно хэмээн албаныхан үзэж байгаа гэнэ. Ташрамд дурдахад өнгөрсөн онд Хяргас нуурын Хэцүү хад, Хар тэрмис, Увс нуурын хөвөөнд отоглох цэг байгуулсан бол энэ жил жуулчдын хөдөлгөөн ихтэй таван цэгийг сонгож шинээр тохижуулахаар болжээ.