Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын дагуу тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад ажилладаг багш, туслах багш, арга зүйч, нийгмийн ажилтнууд сар бүр үндсэн цалингийн 30 хүртэлх хувьтай тэнцэх нэмэгдэл авдаг. Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдад хөдөлмөрийн нөхцөлөөс нь хамаарч сар бүр үндсэн цалингийн 10-30 хувьтай тэнцэх нэмэгдэл олгодог. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүнд эмнэлгийн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, боловсрол, нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлж байгаа төвүүдийн эмч, сувилагч болон бусад эрүүл мэндийн ажилтнууд, багш, туслах багш, нийгмийн ажилтнуудад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох эрх зүйн зохицуулалт үгүй. Гэтэл улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлж буй улс, орон нутаг, хувийн хэвшлийн 12 асрамжийн газарт нийт 430 гаруй иргэн асруулж, 256 ажилтан, албан хаагч ажилладаг. Үүнээс Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төв, Увс, Дорнод, Дорноговь Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор аймгийн асрамжийн газруудад 42 асрагч ажилладаг бөгөөд тэдгээр нь хэвтрийн болон биеэ даан өөртөө үйлчлэх чадваргүй асруулагчдыг хуурайлах, живх солих, байршлыг солих, ор дэвсгэрийг засах, усанд оруулах, хооллох, эм тан уулгах, өрөө тасалгааг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцогдох ажил хийдэг. Эдгээр асаргааны ажилтнууд сард дунджаар 500 орчим мянган төгрөгний цалин авдаг. Үүнтэй холбоотойгоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн төвүүдэд асрагчаар тогтвор суурьшилтай ажиллах хүн тэр бүр олддоггүй аж.
Тиймээс ХНХЯ-наас Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүдэд ажиллаж байгаа эмч, сувилагч, бусад эрүүл мэндийн ажилтнууд, багш, туслах багш нар, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагч нарын ажлын орчин, нөхцөлийг харгалзан судалжээ. Улмаар тэдгээрийн нийгмийн баталгааг хангах, мэргэшсэн чадварлаг ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгохтой холбоотой Засгийн газрын “Журам батлах тухай” 2018 оны 382 дугаар тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар батлуулжээ. Бүр тодорхой хэлбэл, сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгохоор боллоо. Санхүүжилтийг энэ жилийн төсөвт нэмж суулгах юм байна. Ийнхүү ковидын үед дайчлагдан ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нар бусадтай эрх тэгш цалин авах боломж бүрдлээ.