Хан-Уул дүүргийн нутагт орших Шувуут нуурт барилгын хог хаяснаас болж усны урсгал хумигдаж, зарим амьтны амьдрах орчин бохирджээ. Энэ тухай дуудлагыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн шуурхай утсанд өчигдөр ирүүлсэн гэнэ. Улмаар тус төвийн ажилчид газар дээр нь очиж, хогийг нуураас гаргасан байна. Тэднийг Шувуут нуурын орчимд очиход "Пажеро" клубийн залуус нуурын хогийг шүүж, нэг тал руу нь шахах ажлыг эхлүүлсэн байжээ. Үүнээс гадна "Big fish" загасны хэрэгслийн дэлгүүрийн хамт олон ч туслалцаа үзүүлсэн гэнэ. "Загас сонирхогч клуб"-ийн гишүүдийн хэлж буйгаар тус нууранд алгана, хэлтэг зэрэг загас нутагладаг аж. Нуураас хогийг гаргах ажлын явцад зургаан алгана загасыг олж, дээрх төвийн аквариумд байршуулжээ.