Хийгээгүй хэргийн төлөө анх буруутгагдахад Ричард Филлипс ердөө 12 настай байлаа. Эл явдал 1958 онд Америкийн Мичиган мужийн Детройт хотод болжээ. Хойт эцэг нь болох бүдүүн эр бугуйн цагаа алга болсныг Филлипс хулгайлсан гэж хардсан аж. Тэрбээр шотланд виски ууж, суран тэлээ бариад байцааж эхлэв. Хэргээ хүлээхийг шаардаж зодож эхлэхэд ээж нь айгаад яаж ч чадсангүй. Хэрэг хийсэн гэж хүлээхгүй бол хойт эцгийн зодуур зогсохгүйг Филлипс мэдэх тул цагийг нь ангийнхаа хүүхдэд өгчихсөн гэж орхив. Ингээд даваа гарагт хичээлээс ирэхдээ цагийг нь авчрахыг шаардсан учраас элдвийг бодсоор нойргүй хоносон хүү өглөө эрт жаахан идэх, уух юм аваад гэрээсээ оргосон ч цагдаа нар түүнийг хуучирсан байшингаас олчихов. Ингээд гэрт нь хүргэж өгчээ. Филлипс удалгүй Фред Митчелл гэдэг найзтай болов. 1967 онд Детройтод дээрэм тонуул, харгис хэрцгий явдал газар авч байлаа. Насанд хүрээгүй танхай хөвүүн Филлипс, Митчелл хоёр ч хэдийн хэний ч дор орохгүй гэмт хэрэгтэн болж “торнив”. Гэхдээ тээврийн хэрэгсэл хулгайлж богино хугацаагаар “сууж”, гарсан Филлипс бичээчийн курс төгсөж, нэг минутад 72 үг бичдэг болсон байна. Ингээд цагт 4.10 долларын хөлстэй ажилд орсон нь тухайн үедээ яггүй цалин байлаа. Ийнхүү тэрбээр гэр, ажлын хооронд явсаар гэмт хэрэгтэн нөхдөөсөө хөндийрч эхлэв. Филлипсэд хүүхнүүд ихээхэн таашаалтай ханддаг ч Терезаг сонгон дотносоод удалгүй охинтой болжээ. Хүүхэд нь мэндэлсний дараа тэд хамт амьдарч эхлэв. Бас хүүтэй ч болсон тэрбээр хүүхдүүддээ өөрийнх шигээ амьдрал үзүүлэхгүй гэсэндээ гойд анхаарал, халамж тавьдаг байлаа.
1974 онд тэрбээр 25 нас хүрч, найз Митчелл нь шоронгоос суллагдав. Наргиж хошигнолоо хэтрүүлснээс ажилгүй болчихоод байсан Филлипс муу нөхөдтэйгөө дахин учрах нь тэр. Митчелл нь хамт хоригдож байсан Ричард Паломбо гэгчтэй танилцуулж, гурвуул шөнийн клубээр хэсүүчилж, хямд зочид буудалд орогнон, хар тамхи хэрэглэнэ. Филлипс шөнийн цагаар мансуурагч, өдөр нь халамжтай эцгийн дүрээр хоёрдмол амьдралтай боллоо. Есдүгээр сарын нэгэн өдөр тэрбээр 2-4 настай Ричард, Рита хоёртойгоо цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, ханатал тоглуулсныхаа маргааш нь гэрээсээ яваад, эргэж ирсэнгүй.
1971.09.06.
Детройт хотын захад байх хүнсний дэлгүүрт хоёр хүн дөхөж очлоо. Хар арьстан нь үүдэнд үлдэж, зэвсэг бүхий цагаан арьстан нь дотогш орж, кассчнаас нь мөнгө шаардав. Тэд 10 хүрэхгүй доллар аваад арилсны дараа хүмүүс цагдаа дууджээ. Тэдний хөлөглөсөн машины эзэн нь Паломбо байв. Тэрбээр энэхүү дээрэм болохын өмнөх шөнө Митчелл, Филлипс хоёртой зочид буудалд хоносон аж. Тэр гурвыг саатууллаа. Паломбогийн хувь заяа нэгэнт шийдэгдэв. Харин хоёр дахь дээрэмчин нь Филлипс үү, Митчелл үү. Хоёул хар арьстан, бас биерхүү. Тэр шөнө дэлгүүрт ийг харсан гэж гэрчүүд нотолсноор долоон жилийн ял ногдуулав.
1972.03.03.
Мичиган мужийн Трой хотод ажилладаг нэг хүн санамсаргүй цогцос олсон нь өнгөрсөн оны зургадугаар сард тамхи авахаар дэлгүүр рүү яваад сураггүй болсон, 21 настай Грегори Харрисынх байжээ. Түүний эхнэр маргааш өдөр нь машиныг нь олсон аж. Суудал дээр нь цусны толбо байжээ. Цуглуулсан материалаас үзвэл үл таних нэг эмэгтэй Харрисын ээж рүү утасдаад “Фред Митчелл нэг найзтайгаа хүүг чинь машинаас нь гаргаад, толгой руу нь буудаж, өтгөн өвстэй газарт аваачиж хаясан” гэсэн байлаа. Цагдаа нар үүнд яаж хандсан нь тодорхойгүй. Гуравдугаар сарын 15-нд Митчеллийг дахин баривчлав. Гэхдээ энэ нь дэлгүүр дээрэмдсэн, Харрисын амийг хохироосонтой холбоогүй, харин аллагад хэрэглэсэн бууг хадгалж байжээ. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө Паломбо, Филлипс нар Харрисыг алсан гэжээ. Түүний ярьснаар бол энэ хэрэгт өөрөө холбоотой, Харрисыг занганд оруулахад тусалсан аж. Гэхдээ. Мөрдөн байцаагчид уг аллагын шалтгааныг олж тогтоосон. Митчеллийг шоронд байхад Харрис ээжийнх нь цүнхнээс 500 доллар хулгайсан нь түүний аминд хүрэх шалтгаан болжээ.
Шүүхээс томилогдсон Филлипсийн өмгөөлөгч түүнийг хамгаалах гэж идэвх гаргасангүй. Нэг ч гэрч дуудаагүйн дээр нотлох баримт ч гаргаж ирсэнгүй. Шүүх хуралд “Грегори Харрис үхсэн гэдэгт би итгэхгүй” гэсэн хачин үг амнаасаа унагасан байна. Шүүх Паломбо, Филлипс хоёрыг үгсэн хуйвалдаж хүний амь хороосон хэрэгт буруутгаж, Филлипсийг бүх насаар нь шоронд хорих ял оноов.
Шоронгийн амьдрал, аюултай гэмт хэрэгтнүүдтэй хамт байгаагаа тэсэж тэвчилгүй олон хоригдол амиа хорлохыг Филлипс харав. Нөхрөө эргэхээр гэргий нар нь хүүхдээ дагуулаад ирэхэд харуулууд тэдний живхийг нь хүртэл нэгжихийг ч харжээ. Тэгээд өөрийнх нь гэр бүлд ийм юм бүү тохиолдоосой гэсэндээ хүүхдээ дагуулж ирэхгүй байхыг эхнэртээ захисан төдийгүй өөрийг нь мартаж өөр хүнтэй учрахыг зөвлөжээ. Эхнэр нь ч ёсоор болгосон аж.
Филлипс шоронд шүлэг бичиж эхлэв. 1989 онд шилдэг дууны үг зохиох уралдаанд түрүүлээд 10 доллароор шагнууллаа. Дараа жил нь гэхэд багадаа 30 гаруй шүлэгтэй болсон тэрбээр 44 нас хүрчээ. Түүний сонирхлыг шүлэг биш, П.Пикассо, да Винчи, Ван Гог нарын бүтээл татах болов. Тэгээд зурж эхэлжээ. Энэ нь хилс хэргээр хоригдон, үйлээ үзсэн 20 жилийн амьдралаа түр мартахад дэм боллоо. Шоронд байхдаа тэрбээр 400 орчим зураг зуржээ. Бүтээлүүд нь шоронгийн өрөөнүүдээр тархсанаас болж, нэгжиж хурааж авах аюул тулгарсан тул хатуу цаасаар хайрцаг хийж зургуудаа шуудангаар Нью-Йорк руу захидал бичиж танилцсан Дори Кромарти гэдэг найз эмэгтэй рүүгээ явуулав.
Хоригдол Паломбо, Филлипс нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг эргэж харах хүсэлтийг өмгөөлөгч Хелен Браун 1991-1992 онд хэд хэдэн удаа хүлээн авчээ. Тэднийг ганц гэрчийн мэдүүлэгт үндэслэн хилсээр шийтгэсэн гэж хүмүүс үзэж байв. Хавтаст хэрэгт цугласан материалуудыг судлахад Митчелл яллагч талтай наймаалцсан гэхээр байлаа. Шүүх түүнд оноох ялыг 10-20 жил болгож цөөлж, хожим нь Харрисын амийг хороосон хэргийг авч үзэхдээ 4-10 хүртэл жил хорихоор шийтгэжээ. Хэрэв хатагтай Брауны таамаглал зөв бол Паломбо, Филлипс нарт яах аргагүй шударга бус ял өгсөн байна. Гэвч Уэйн тойргийн прокурор энэ байр суурийг хүлээж авсангүй, өмгөөлөгчийн нотолгоог хангалтгүй хэмээн оноосон ялыг хэвээр үлдээв.
Паломбо Фред Митчеллээс ихээхэн айж байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэнд нь муудаж, айхын зэрэгцээ буруугаа ойлгох нь түүнийг шаналгана. Нүдээ анихад Харрисын цогцос харагдана. Харрисыг тэр л хавханд оруулсан юм. Тэрбээр нүглээ наминчилсны хүчинд ялаа хөнгөрүүлж, Филлипсийг өөрийнх нь аргыг хэрэглэхийг хүссэн байна.
Митчелл үхсэнийг Паломбо 2010 онд сонсоод нүглээ дахин наминчлахаар шийдэж, шүүгчид огт өөр зүйл ярьжээ. Паломбо 1970 онд шоронд байхдаа Митчеллтэй танилцсан аж. Хэдэн залуу ээжийнд нь дайрч ороод цүнхнээс нь 500 доллар хулгайлсан гэж Митчелл нэгэнтээ яриад шоронгоос гараад тэднийг алж, хашраана гэж байжээ. Тэд эрх чөлөөтэй болмогцоо хүнсний дэлгүүр тонохоор ярилцав. Митчелл гэгээн цагаан өдрөөр, хөл дүүжлэх унаагүйгээр дэлгүүр лүү дайрахыг хүсээгүй нь Паломбогийн санаанд нийцсэнгүй. Ингээд харихаар автобусны буудал руу явж байтал нэг машин давхиж иржээ. Машиныг Харрис жолоодож, арын суудалд Митчелл байна. Паломбо найзынхаа хажууд суугаад дээрэм хийхээр бэлтгэв. Удалгүй Харрис машинаа зогсоогоод тамхи авахаар дэлгүүр лүү явахад Паломбогийн бууг Митчелл аваад “Ээжийг минь дээрэмдсэн залуусын нэг нь энэ мөн. Би түүнийг ална” гэжээ. Харрис ирж машинаа хөдөлгөн, очих газарт нь дөхөж ирэхэд Митчелл түүний толгой руу буудаж орхив. Тэгээд цогцсыг машинд хийж хотоос гарч давхив. Паломбо цааш нь ярихдаа “Харрисыг алснаас найм хоногийн дараа Филлипсийг би анх 1971 оны долдугаар сарын 4-нд Митчеллийнд харсан” гэсэн нь түүнийг энэ хэрэгт оролцоогүйг илтгэсэн байна. Паломбо шоронд хоригдсоор, 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд 71 насандаа “Ковид-19”-ийн улмаас амьсгал хураажээ.
Паломбо үнэнийг хэлсний дараа Мичиган мужийн өндөр албаны хэд хэдэн хүн Филлипсийг буруугүй гэж үзжээ. Үүнийг нотлоход долоон жил зарцуулав. Филлипс 46 жилийн дараа 2017 оны арванхоёрдугаар сарын 12-нд шоронгоос суллагджээ. АНУ-ын түүхэнд хилсээр хамгийн удаан хоригдсон хүн болсон түүний дүүгийн үгийг эрх баригчид сонссон нь үнэн мөнийг тогтоох эхлэл болжээ. 2018 оны гуравдугаар сарын 28-нд Филлипсийг бүрэн цагаатгаж, насаар нь хорих ялыг хүчингүй болгов. Шоронгоос гараад түүнд ажил олдохгүй, шинэ амьдралд дасахад хэцүү байсан нь мэдээж. Тэрбээр шоронд зурсан зургуудаа авахаар Дори Кромартитой утсаар холбоо барьж, удалгүй Нью-Йорк руу нисэв. 35 жил захидлаар харилцсан тэд ингэж анх уулзжээ. Филлипсийн явуулсан бүх зургийг Дори бүрэн бүтэн хадгалж байлаа. Түүнийг цаашид хамт байх болов уу гэж бүсгүй найдаж байсан ч Филлипс зургуудаа аваад Мичиган руугаа буцжээ. Хожим нь зургийнхаа үзэсгэлэнг гаргаж, нэлээд хэдийг нь зарсан гэдэг. Түүнээс гадна хоёр настайд нь хамгийн сүүлийн удаа харсан хүүгээ 50 шүргэж явахад нь олж, холбоо тогтоожээ. Харин охин нь Францад шилжин суурьшиж, аавтайгаа холбоо тогтоохоос татгалзсан байна. Филлипс өдгөө 74 настай бөгөөд 2019 онд АНУ-ын засаг захиргаа шударга бусаар 46 жил хоригдсоных нь төлөөсөнд түүнд 1.5 сая долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ.
Бэлтгэсэн: Ж.Хаан