Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос манай улс минж нутагшуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм. Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд өнөөдрийн байдлаар 44 минж бий гэнэ. Тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлэсэн удаатай гэнэ. Харин тавдугаар сарын 10-даар тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол болжээ.
Дөнгөж төрсөн дүдрийн биеийн жин дунджаар 540-670 грамм байдаг бол тав ихэрлэсэн дүдрүүд 540-570 грамм гарчээ. Минж амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг, маш цэвэрч амьтан тул идэш, тэжээлийн тал дээр чухал анхаарал хандуулж, Биологийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан, алим, лууван болон чихрийн манжин, улаан буудай зэрэг тэжээлээр өдөрт зургаан удаа хооллодог байна. Минж нутагшуулах үржүүлгийн байрны температурыг өвлийн цагт +8 хэмээс буулгахгүй байх, зуны цагт салхи авахуулахгүй, нарны хэт туяа оруулахгүй зэрэг нарийн арчилгаа хэрэгтэй байдаг аж.
Ташрамд дурдахад, минж бол үнэхээр сонирхолтой, өхөөрдөм амьтан. Магадгүй зарим хүн түүнийг гайхалтай ажилсаг бяцхан амьтан гэдгийг мэдэхгүй биз. Ямар сайндаа манайхан минжээр Туул голоо цэвэрлүүлэх гэж нутагшуулж байх билээ. Харин тэр минжүүд нь одоо өсөж үржсээр. Минж нь хөхтөн амьтан бөгөөд мэрэгч амьтдын төрөлд багтдаг. Минжнүүд модны холтос болон навчаар хооллодог байна. Минж нь голын усны түвшнийг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой амьтан юм. 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн аясаар өсөж, үржих нөхцөл бүрддэг байна.
Минж ( Castor төрөл нь) шөнийн амьдралтай, томхон биет, хагас усны мэрэгч юм. Энэ төрөлд өдгөө амьдарч буй хоёр зүйл болох Хойд Америкийн минж, Евразийн минж орно. Минж нь далан хаалт барин, суваг шуудуу малтан үүр нүхээ хийж өөрийн амьдрах орчноо бүрдүүлдэг. Тэд хамгийн том мэрэгч болох капибарагийн дараа 2-т орно.
Хойд Америкийн минж урьд 60 сая хүрч байсан ч, 1988 оны байдлаар 6-12 сая байна. Тоо толгойн хорогдол нь арьс үсийг нь авах, үнэрт булчирхайгаас ялгарах шингэнийг нь эм, сүрчиг хийхэд хэрэглэхээр алж хороосноос шалтгаалж байна.