Эртний амьтны олдворыг илрүүлсэн гэх мэдээллийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт нэгэн иргэн ирүүлжээ. Тодруулбал, тус сумын иргэн жорлонгийн нүх ухаж байхдаа амьтны яс олж, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар мэдээлсэн гэнэ. Улмаар тус сумын Засаг дарга Л.Энхжаргал, Соёлын төвийн дарга Д.Оюунчимэг нар газар дээр нь очиж, аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээлэл хүргүүлсэн байна. Дээрх олдвор нь мөстлөгийн үед хамаарах арслан заан, савагт хирстэй хамт амьдарч байсан одос үхрийн яс байж болзошгүй гэж тус аймгийн холбогдох албаныхан үзжээ. Мөн цаашид энэхүү олдвор болон тус газрыг судлахаар төлөвлөж байгаа хэмээн мэдээлсэн юм. Энэ талаар Чандмань-Өндөр сумын Соёлын төвийн дарга Д.Оюунчимэгээс тодруулахад "Тухайн иргэн дээрх олдворыг илрүүлээд багагүй удсан юм билээ. Нэлээд хэдэн сарын өмнө олсон боловч холбогдох байгууллагад мэдээлээгүй байсан. Бид тус олдворын зураг болон холбогдох баримт бичгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Соёлын өвийн мэргэжилтэнд хүргүүлсэн. Одоогоор зөөвөрлөх боломжгүй тул тухайн иргэний гэрт үлдээсэн байгаа. Цаашид аймгийн Засаг даргын Тамгын газрынхан холбогдох байгууллагад нь хандан, хүлээлгэн өгөх байх" гэв. Харин ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас энэ талаарх мэдээллийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн, эсэх талаар тодруулахад "Одоогоор манай байгууллагад албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Мэдэгдэл ирсэн даруйд нь судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлнэ" гэв.