АНУ-ын Нью-Йорк хотын шүүх “Бронкс” амьтны хүрээлэнгийн Хаппи хэмээх зааны нэхэмжлэлийг хүлээн авчээ. Мэдээж, шүүхэд гомдол гаргасан нэхэмжлэгч нь Хаппи бус, “Амьтдын эрхийг хамгаалах төсөл” сангийн тэмцэгчид бөгөөд тус байгууллагын цахим хуудсанд энэ тухай мэдээлжээ. Амьтныг төлөөлөн гаргасан хүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хэлэлцэх болсон нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол учраас энэ явдал онцгой аж. Тус байгууллагынхан 2018 оноос хойш хэд хэдэн удаа Хаппигийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан ч татгалзсан хариу авсан юм байна. Хаппийг 1970-аад оны эхээр тус амьтны хүрээлэнд авчирсан бөгөөд өдгөө 33 га талбай бүхий хашаанд “жаргалтай” амьдардаг гэнэ. Гэхдээ тус хүрээлэнгийн ажилтнууд түүнийг өөр хашаанд нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн нь Пегги нэртэй зааны тугалтай таарамж муутай, байнга зодолддог гэсэн шалтгаанаас үүдэлтэй аж. Амьтны эрх хамгаалагчид Хаппийг тусгай хамгаалалттай газарт шилжүүлэхийг шаардаж байгаа бол амьтны хүрээлэнгийнхэн татгалзсан учраас шүүхэд гомдол гаргасан юм байна. Юутай ч, нэхэмжлэлийг нь хүлээн авсан тул Хаппи шүүхээр эрх чөлөөгөө баталгаажуулсан дэлхийн анхны амьтан болно гэдэгт тэмцэгчид итгэлтэй байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Э.Хана