Монгол Улсын Засгийн газраас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үүргээ ухамсарлаж, хэрэгжилтийг хангахад тууштай хүчин чармайлт гаргахаар зорин ажиллаж байгаа хэмээн мэдээлсэн билээ. Эл зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Уур амьсгалын долоо хоног” цахим аяныг энэ сарын 17-21-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Тус аяныг “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” сэдвийн хүрээнд тэмдэглэх бөгөөд "Шийдэл олъё" уралдааныг 16-25 насныхны дунд зохион байгуулахаар боллоо.
Уралдаанд "Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тулгарч буй хамгийн том бэрхшээлийг юу гэж бодож байна вэ, түүнийг шийдвэрлэхэд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ", "Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ирээдүйг бүтээхэд бид яаж туслах вэ", "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд залуучуудын оролцоо, сонирхлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ" сэдвээр нийтлэл болон илтгэлийн төрлөөр оролцох аж.