Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 129.4 га талбайн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг мэргэжлийн 44 аж ахуй нэгж, байгууллага хариуцаж ажилладаг. Үүнээс энэ онд 14.9 га газрыг нөхөн зүлэгжүүлж, 22.9 га-г шинээр зүлэгжүүлэхээр болжээ. Мөн навчит болон шилмүүст мод, бут, сөөг, ургамлын хашлаганд нийт 548.232 мод, сөөг тарихаар төлөвлөсөн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, нийслэлийн Байгаль орчны газраас хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 15-22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу "Өрх бүр хашаандаа мод тарья" уриан дор төвийн зургаан дүүргийн 100 хороотой хамтран 5000 орчим өрх мод тарихаар болсон аж.