Дэлхий дээр оршин тогтнож буй амьд амьтны амьдрах орчны 80 хувийг ой мод бүрдүүлдэг билээ. Тиймээс байгалиа хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд дэлхий нийтээр анхаарах болсон. Манай улсын иргэд ч үүнтэй хөл нийлүүлэн, байгаль хамгаалах уламжлалт сэтгэлгээгээ хойч үедээ өвлүүлж буй. Тэгвэл байгалиа хамгаалах арга ухааныг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынхан бусдадаа үлгэрлэж, нутгийнхаа гол, нуур, хээр хаягдсан хог, малын сэг, зэмийг түүж, устгал хийжээ. Тодруулбал, тус сумын дөрөвдүгээр багийн Зүүн хоолой гэх газрын иргэд "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая" хөдөлгөөнийг эхлүүлж, нутгийнхаа бусад багийн айлуудыг нэгдэхийг уриалжээ.