УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулжээ. Энэ үеэр 2012 онд УИХ-аас Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлон усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлийн механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон талаар танилцуулав. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хувааж, захиргаа байгуулан, нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг ч дурдлаа. Түүнчлэн усны салбарын зүй зохистой менежментийг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн салбарт 2030 оноос цэнгэг ус ашиглахыг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Үүнээс гадна 2025 онд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 55, 2030 онд 60, 2050 онд 75 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр 2025 онд хүн амын 85, 2030 онд 87, 2050 онд 90 хувийг хангах, 2025 онд хүн амын 70, 2030 онд 75, 2050 онд 90 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлсэн талаар ч танилцууллаа.