Он гарснаас хойш өчигдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд аймгийн 14 сумд, 17 удаагийн ой, хээрийн түймэр гарч, ойн 19, хээрийн 283,150.5, нийт 283,169.5 га талбай түймэрт өртсөн байна.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд зэрэг 810 хүн ажилласан гэх судалгаа гарчээ. Түүнчлэн хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 197 хяналтын цэгт Онцгой байдлын, Цагдаагийн, бусад байгууллагын хамтарсан бие бүрэлдэхүүн, Байгаль орчны газрынхан хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд иргэдийг асаасан гал, шүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр, сууц, хашаа, хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.