ХБНГУ-ын Мюнхен хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар “Стратегийн давшилтын зэвсэглэлийг бууруулах шинэ гэрээ”- ний албан бичигт гарын үсэг зуржээ. Зэвсэглэлийг бууруулах талаар хяналт тавихад онцгой үүрэг гүйцэтгэх гэрээ ийнхүү хэрэгжиж эхэллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон “Хүнийг үй олноор нь хөнөөх зэвсэглэлийг хянах, цөмийн зэвсгийг багасгах энэ гэрээ зөвхөн хоёр улсын бус, нийт хүн төрөлхтний хувьд онцгой үүрэг гүйцэтгэх нь эргэлзээгүй” хэмээгээд ОХУ цөмийн байгууламжийнхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг 45 хоногийн дотор Цагаан ордонд хүргэх ёстой гэж мэдэгджээ.
“Дэлхий даяар энх тайвныг тогтоох, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хийхийг зорьж буй зүйл олон байна. Энэ бүхнийг амьдралд хэрэгжүүлэхэд бусад оронтой хамтарч ажиллах болно” хэмээн Сергей Лавров өгүүлэв.
Ирэх долоон жилийн хугацаанд хоёр улс зэвсгийнхээ тоог гуравны нэгээр бууруулахаар төлөвлөсөн энэ гэрээнд Дмитрий Медведев, Барак Обама нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан юм.
Х.Одноо