Хэнтий аймгийн Батноров сумын нутагт иргэд байгалийн өнгөт чулуу удаа дараа түүж борлуулдаг, түүнийг нь худалдан авдаг хүмүүсийг тус аймгийн Бэрх тосгон дахь Цагдаагийн тасгийн ажилтнууд шалгаж эхэлжээ. Тус аймгийн төв буюу Хэрлэн сумын иргэн М.Гүррагчаа, Э.Хадбаатар нар хөл хорионы дэглэм зөрчин хулгайн замаар явж, Батноровт “Ланд круйзер-80” загварын автомашинтай, түүндээ цөөнгүй шил архи ачиж, нэлээд их хэмжээний чулуу аваад байхад нь саатуулсан аж.
Батноров сумын Онцгой комиссын шийдвэрээр “Ковид-19”-ийн голомттой Хэрлэн сумаас нууцаар ирсэн М.Гүррагчаа, Э.Хадбаатар нартай уулзсан, тэдэнд өнгөт чулуу борлуулсан иргэд, орсон айлыг нь тогтоон долоо хоногийн хугацаатай гэрийн ажиглалтад шилжүүлээд байгаа гэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 7.12-т Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 200, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Байгалийн өнгөт чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалд тооцогддог учраас ийнхүү хариуцлага хүлээлгэхээр Зөрчлийн хэрэг нээгээд буйг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа