Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болсон, эрх баригч намын дарга У.Хүрэлсүх “Надад хоёрхон сонголт үлдсэн. Нэгдүгээрт, цар тахлын хүнд нөхцөлд тэдний (Ерөнхийлөгч Х.Баттулгын албатууд) бичсэн зохиолын дагуу хэдэн сайдаа ээлж дараалан огцруулж, Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон, цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж, самралцах. Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан, цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан” хэмээн, огцрох шийдвэр хэрхэн гаргасан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ. Харин У.Хүрэлсүх оролцох энэ удаагийн сонгууль иргэн бидний хувьд сонголтгүй, нэр дэвшигчдийн талбарт өрсөлдөөнгүй өрнөх нь. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар өрнөсөн “цагаан сонголт”-той сонгогч бид нүүр тулах бололтой.
Манай улс Төрийн тэргүүнээ найм дахь удаагаа сонгох гэж байна. УИХ-ыг ч мөн тоогоор сонгон байгуулаад буй. Жилийн зайтай болдог эл хоёр сонгуулийн үр дүнг “хяналт” хэмээн тодорхойлж болохоор байдаг. Өөрөөр хэлбэл, парламентын сонгуулиар олонх болсон намаас нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдол тун цөөн.
Тодруулбал, 2000 оны сонгуулиар МАХН (одоогийн МАН) 72 суудал авч, дараа жил нь тус намын нэр дэвшигч Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эс тооцвол манай сонгогчид сөөлжлөн итгэл хүлээлгэж, төрийн бүх шатанд нэг нам эрх барихаас зайлсхийж ирсэн гэлтэй. 2013 онд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоход УИХ-д тус нам олонх байсан ч Засгийн газраа дангаар байгуулахааргүй байсан юм. Энэ үүднээс харвал сүүлийн хоёр ч сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ын нэр дэвшигчээс өөр нэгнийг эрэлхийлсэн хүлээлт хэдийн бүрдсэн гэж хэлж болохоор. Тэгээд ч МАН-аас нэр дэвшинэ гэгдэж буй У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллахдаа цар тахлыг даван туулах, коронавирусийн халдвараас иргэдээ урьдчилан сэргийлэх чиглэлд дорвитой ажил хийлгүй огцорч, Засгийн газраа унагасан хэмээн иргэд, олон нийт шүүмжилж байгаа. Хамгийн гол нь УИХ-ын сонгуулиар түүний удирдсан намынхныг бараг л багаар нь сонгож, даргын хувиар Засгийн газраа тэргүүлэх боломж олгохын сацуу хамгийн хүчтэй Ерөнхий сайд болгочихоод байхад замын эхнээс буцаж, Төрийн тэргүүний суудал өөд мацаж байгаад нь эгдүүцэх хүн цөөнгүй аж.
Түүнчлэн МАН эрх барьж буй энэ үед сөрөг хүчнээс нэр дэвшин өрсөлдөх өндөр магадлалтай гэгдэж байсан, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн сонгуульд оролцохооргүй боллоо. Тэрбээр өөрийг нь нэр дэвших эрхийг хязгаарласан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын шийдвэрт Төрийн тэргүүний хувиар өчигдөр хориг тавьсан ч энэ нь үр дүнгүй үйлдэл билээ. Өөрөөр хэлбэл, түүний хоригийг УИХ хүлээж авахгүй, улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулан батлах эрх баригчдын үйлдлийг хэн ч зогсоож чадахгүй. Гэхдээ эл үйл явц нь МАН-ынхан үнэмлэхүй олонхоороо хүч түрэн, дангаар ноёрхож байна гэх ойлголтыг лавшруулж, газар авхуулах “тустай”. Энэ нь ч МАН-ын нэр дэвшигчийг дэмжихээс жийрхэх нэг шалтгаан болох талтай.
Гэвч АН-ынхны хуваагдал тэднийг гэх сонгогчдын итгэлийг улам алдахад хүргэж байгаа нь нууц биш. Албан ёсны дарга ч үгүй, тамга ч үгүй тэдний дэвшүүлэх хүнийг сонжихоос өмнө АН энэ удаагийн сонгуульд оролцож чадах уу гэдэгт хариулах хэрэгтэй болчихоод байна гэлтэй. Хоёр талцсан АН-ынхны зөвшилцөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үлдсэн давчуу хугацаанд үр дүнд хүрнэ гэдэг нь эргэлзээ дагуулж байгаа төдийгүй өмнөх дарга С.Эрдэнэ нь “Дараагийн дарга гарч иртэл би АН-ын дарга хэвээрээ” хэмээж буй. Одоогоор Дээд шүүхийн цахим бүртгэлийн санд тус намын даргыг хэнээр ч төлөөлөн бүртгээгүй л байгаа. Юутай ч хоёр талд нэр дэвшигч тодруулахаар зэхэж буй тэднийг сонгууль зохион байгуулах эрх бүхий байгууллагууд хүлээн зөвшөөрөх, эсэх нь хэдхэн өдрийн дараа тодорхой болох биз ээ.
АН-ынхныг ийн толхилцож байхад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий МАХН-ыг өөртөө нэгтгэх МАН-ын ажиллагаа амжилттай болов. Уг намыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар нь ч МАХН-аас гарч буйгаа мэдэгдчихлээ. Үнэндээ энэ нь эл намын парламент дахь суудлыг үгүй хийж буйгаас өөр үр дүнгүй алхам. Юутай ч 10 жилийн өмнө мөр мөрөө хөөсөн тэд намынхаа 100 насны босгон дээр нэгдэхээ нэгэнт мэдэгдсэн тул Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд дөрөв биш, гурван хүн нэр дэвших нь баттай болов. Сонголт хийгээд өрсөлдөөний аль аль нь хумигдаж байна гэсэн үг.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй ХҮН-ын хувьд нэг бус хүнд санал тавьсан сурагтай. УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан зэрэг хүнд санал тавьсан гэж байгаа ч хэн нэр дэвших вэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна. ХҮН хүчтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц хүн нэр дэвшүүллээ ч “халаасны нам”, МАН-ын дэмжлэгтэйгээр ажиллаж байгаа гэх мэт яриаг хаанаас ч гаргаж байж мэдэх тул тэдний нэр хүндэд ямар нэг хэмжээгээр нөлөөлөх л болов уу. Мөн Б.Найдалаа, Т.Доржханд нар хуурамч баримт бичиг бүрдүүлэн, намын даргаар ээлжлэн бүртгүүлсээр байгаа нь хууль бус хэмээн нэр бүхий хүмүүс мэдэгдээд амжсан. Үе үе ХҮН-ыг хутган үймүүлэх гэж гарч ирдэг хэдэн хүний “ажиллагаа” ямар үр дагаварт хүргэхийг хэлж таашгүй нь.
Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Хэнийг ч дэмжихгүй” гэсэн сонголтыг баталгаажуулсан байдаг. “Цагаан сонголт” давлагаалсан өнгөрсөн сонгуулийг зохион байгуулахад мөрдлөг болгосон Сонгуулийн тухай хуулийн 97.9-д “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн, тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно” хэмээн тусгасан байсан эл заалтыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч үүнээс үг, үсгийн зөрүүгүй оруулсан юм.
“Цагаан сонголт” буюу дөрвөн жилийн өмнөх үйл явцыг нэхэн сануулъя. 2017 оны сонгууль хоёр шаттай болсон. Эхлээд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга, МАН-ын М.Энхболд, МАХН-ын С.Ганбаатар нарын хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхын дэмжлэг аваагүй. Иймд арай ахиу санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин өрсөлдүүлснийг та бүхэн мэдэж буй. Эхний шатанд оролцсон нийт сонгогчоос 18.6 мянга буюу 1.3, дараагийнхад 99.4 мянга буюу 8.2 хувь нь нэр дэвшигчдээс хэнийг нь ч дэмжихгүйгээ илэрхийлж, саналын хуудсаа хоосон, цагаанаар нь үлдээсэн билээ. Хэдхэн хоногийн зайтай болсон санал хураалтад цагаан сонголтын тоо тав дахин өссөн юм. Өмнө нь ийм зүйл болж байсангүй. Сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 92.7 хувьтай, 1993 оны анхны сонгуулиар хүчингүй санал (эхний сонгуулиудад нэгээс олон сонголт хийсэн, эсвэл юу ч тэмдэглээгүй бол хүчингүйд тооцож байсан) 3.5 хувьд хүрснийг эс тооцвол ийм үзүүлэлт хоёроос хэтэрдэггүй байв. 2013 оны сонгуулиар гэхэд л 16 мянган хүн цагаан сонголт хийсэн нь саналаа өгсөн иргэдийн 1.3 хувьтай тэнцэх юм.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн гэлтгүй бүх шатны сонгуулийн ирц сүүлийн 30 шахам жилд тасралтгүй буурч ирсэн. 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад гэхэд л нийт сонгогчийн 60.6 хувь нь оролцсон юм. Манайд төдийгүй дэлхий даяар сонгогчдын ирц буурч байгаа бөгөөд энэ нь төр, засгаа гэх иргэдийн итгэл буурсан, хэнийг нь ч, алийг нь ч сонгоод нэмэргүй гэх хандлага хаа сайгүй газар авч байгаатай холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, сонгуульд огт оролцохгүй байгаа нь ч “цагаан сонголт”-ын нэг хэлбэр, “сонгох хүнгүй байхад саналаа өгөөд яах билээ” гэх хандлагын илрэл гэж хэлж болно. Эдгээр нь манайд сонголтгүй сонгууль болж байгааг шууд болон шууд бусаар илэрхийлж буй хэрэг. Тэр тусмаа энэ удаагийн сонгууль цар тахлын үед болж буй бөгөөд сонгогчдын хөл, хэлийг нь ч “хорьж” байгааг ч анзаарах нь зүйтэй биз ээ.