Гучин таван настай польш бизнесмен Дариуш Янишевскийн цогцсыг уснаас гаргаж авахаас нэг сарын өмнө Вроцлав дахь зарсурталчилгаа эрхэлдэг түүний компани руу нэгэн хүн утасдав. Компанид нь нягтлан бодогчоор ажилладаг ээж нь харилцуурыг автал нөгөө хүн зөвхөн Дариуштай л ярина гэж хэлжээ. Хүү нь ажилдаа ирээгүй байсан болохоор гар утасных нь дугаарыг өглөө. Хэдэн цагийн дараа Янишевский ажил дээрээ ирэв. Нөгөө хүн түүнтэй ярьж, тэд уулзахаар тохирсон байлаа. Энэ өдөр хүмүүс Янишевскийг сүүлчийн удаа харах учиртай байж.
Зарим баримтаас үзвэл аллагыг урьдаас төлөвлөсөн, алуурчин ганцаар үйлдээгүй ч болов уу гэмээр. Тэр хүнтэй уулзахаар явахдаа Янишевский ямар нэг шалтгаанаар өөрийнхөө машиныг унасангүй. “Peugeot” нь зогсоол дээрээ байв. Бусдаас онцгойрон ялгарах шинж тэмдэггүй хоёр эрэгтэй хүн бизнесменийг албан байрнаас гарахаас нь эхлээд дагасныг гэрчлэх хүмүүс олджээ. Тэд Янишевскийг машиндаа хүчээр суулгасан ч байж мэдэх.
Янишевскийн цогцсыг олоход тамласан, олон хоног өлөн явсан шинж тэмдэгтэй байсан аж. Цагдаа нар мөрдөн шалгах ажлаа эхлэв. Олон хүнийг, түүний дотор талийгаачийн танилуудыг байцаасан ч ямар нэг сэжүүр олдсонгүй. Ойр хавийн ой, голын ёроолыг хүртэл нэгжиж шалгаад ч ул мөр байдаггүй. Ингээд мөрдөн шалгах ажил мухардаж, цагдаагийн байгууллагын тайланд өгүүлснээр “Гэмт хэрэгтнийг олох боломжгүй” учраас хэдэн сар болоод хэргийг хаалаа. Гэлээ ч энэ нь төгсгөл биш байв. Энэ хэрэг Вроцлавын цагдаагийн байгууллагын архивт гурван жил болсны дараа Яцек Вроблевский гэдэг мөрдөгчийн гарт оржээ. Тэрбээр 2003 оны намар анх удаа уг хэргийн талаарх материалын хавтсыг анх удаа нээлээ. 38 настай Вроблевский тэгэхэд цагдаагийн байгууллагад ажиллаад 10 жил ч болоогүй байв. Мэргэжлийн ур чадвар, дадлын зэрэгцээ их сургуульд сурч байхдаа олж авсан сэтгэл судлалын зохих мэдлэгтэй, бас анд гойд хорхойтой тэрбээр хэргийн материалтай танилцах явцдаа нэг чухал зүйл анзаарчээ. Алуурчин Янишевскийн албан байр луу утасдахдаа гудамжны харилцуур ашигласан нь цаана нь сонсогдох их чимээ шуугианаас анзаарагдсаныг талийгаачийн ээж хэлсэн байна.
Янишевскийн гар утас олдохгүй л байв. Польшийн цагдаа нар баруун Европын мэргэжил нэгтнүүдийнхээ жишгээр гар утсанд ихээхэн анхаарал хандуулжээ. Энэ талын мэргэжилтнийг Вроблевский ажилдаа татан оруулав. Янишевский сураггүй болсноос ердөө дөрвөн өдрийн дараа гар утсыг нь философийн магистр зэрэгтэй, 30 настай зохиолч Кристиан Бала гэгч худалдаж авсан байлаа. Яасан ч баригдахгүй аллага хийхээр төлөвлөсөн хүн золиос болгосон хүнийхээ утсыг цахимаар худалдана гэдэг нь итгэхэд бэрх үйлдэл шиг мөрдөгчид бодогдов. Тэгэхлээр тэр утсыг Бала ломбардаас юм уу, алуурчнаас өөрөөс нь авсан байж болох юм. Тэгж байтал уг хэрэгт өөр сэжигтэн гарч ирснээр мөрдөн шалгах ажилд ахиц гарав.
Кристиан Бала 2001 оноос ийш тийш аялж, эцэг, эхээ эргэх гэж л Польшдоо хааяа нэг үзэгдэх болсон байна. Тэрбээр АНУ, Азийн орнуудаар явж, англи хэл, усанд сэлэх спортод хүмүүсийг сургаж, мөнгө олж байжээ. Бала Вроцлавын их сургуульд үлгэр жишээ оюутан байж, 1997 онд онц дүнтэй төгсжээ. Кристиан найз, нөхөдтэйгөө ярьж хөөрөхдөө өөрийгөө үгүйсгэх үзэлтэй, үймээн дэгдээгч болгож харагдуулахыг хичээдэг, үзэл бодлоо илэрхийлэхдээ гүнзгий мэдлэгээ хоол шиг ашигладаг байв. Тэрбээр “Би урт наслахгүй, гэхдээ амьдарсан шиг амьдардаг” гэж ярьдаг байж. Түүний тэрс үзэл нь 2003 онд хэвлүүлсэн “Солиорол” хэмээх романд нь тусгалаа олжээ. Хавтсан дээр нь Христийн эсрэг бэлгэ тэмдэг болох ямааны эвэр дүрсэлсэн нь романы агуулгыг бүрэн илэрхийлсэн байлаа. Романы гол баатар Крис архи уудаг, садар самуун этгээд бөгөөд нууц амрагаа тодорхой шалтгаангүйгээр алдаг аж.
Вроблевский зохиолчийн намтрыг судлах явцдаа энэ номыг уншихад эрээлэх цээрлэхийг эс хайхарсан агуулгыг нь ихэд гайхжээ. Крис бүсгүйг алсан тухай өгүүлсэн “Би дээсээр түүний хоолойг боож, нөгөө гараараа цээжнийх нь зүүн тал руу хутгаар дүрэв. Тэр япон хутгыг цахим дуудлага худалдаагаар зарсан” гэсэн нь мөрдөгчийн анхаарлыг гойд татлаа. Түүнээс гадна романы гол баатар урьд нь ч хүн алсан байж. Тэрбээр “Арван жилийн өмнө өөрт нь таагүй хандсан эрэгтэйг” дурсан санаж байгааг романд өгүүлсэн байв. Вроблевскийн бодлоор романы гол баатар нүглээ наманчилж буй нь аллага үйлдсэнээ зохиолч Кристиан Бала өөрөө хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэгэн мэт байлаа. Гэлээ ч романы зарим үйл явдал нотолгоо болохгүй тул Янишевскийн амийг хөнөөсөн хэргийн сэдэл, нотлох баримтыг олох нь чухал гэдгийг Вроблевский сайн ойлгов.
Вроблевский “Солиорол” романыг хувилан, ажилтнууддаа тараан өгч мөрдөн шалгах ажлаа эхлүүллээ. Өөрөө ч Кристиан Балагийн бүтээлийн хамгийн анхааралтай уншигч нь болсон байна. Мөрдөгч болгоомжтой хандах үүднээс роман бичигчийн төрөл төрөгсдийг байцаах гэж яарсангүй. Тэгээд ч тухайн үед Бала хилийн чанадад, Польшийн цагдаагийн байгууллагынхны гар хүрэхээргүй хол байжээ. Тиймээс аливаа идэвхтэй ажиллагаа түүнийг нуугдахад хүргэж болзошгүй аж. Судалж үзэхэд Бала романы гол баатартайгаа тун адилхан, гэргийгээсээ салсан, архи, дарсанд дуртай, нэг газраа тогтдоггүй, тэнэмэл нэгэн байлаа.
Янишевскийг алсан хэргийн талаар 2002 оны хоёрдугаар сард телевизээр нэгэн нэвтрүүлэг үзүүлжээ. Уг гэмт хэрэгтнийг илрүүлэхэд тус болж чадах хүмүүст хэрэг болох мэдээлэл ч сайт дээр гарав. Харин түүний эзэд нь Америк, Япон, Өмнөд Солонгост бүртгэлтэй байлаа. Вроцлавт хэдэн жилийн өмнө гарсан хэргийн талаар польш хэлээр гарсан мэдээллийг гадаадын хүмүүс сонирхож буйг төсөөлөхөд төвөгтэй байв. Түүний хажуугаар Кристиан Бала Польшид буцаж ирэх гэж яарахгүй байлаа. Тэрбээр англи хэл зааж, аялал жуулчлалын тухай өгүүлэл бичиж, 2005 оны намар болтол гадаадад байжээ. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт эцэг, эхээ эргэж ирэхийг нь мэдэж байсан болохоор Вроблевский мэдээлэл цуглуулангаа хоёр жил Балаг тэвчээртэй хүлээлээ.
2005 оны есдүгээр сарын 5-нд Кристиан Балаг Вроцлавт баривчлав. Түүнд ер хүч хэрэглэсэнгүй. Харин Бала өөрөө хожим нь огт өөр зүйл ярьсан байдаг. Түүний ярьснаар бол эмийн сангаас гарч явахад нь гурван эр дайрч, гарыг нь ард нь мушгиад хоолойг нь шахаж машин руугаа түлхэж оруулаад толгойд нь гялгар уут углаж орхисон гэнэ. Тэгээд доош харж хэвтэхийг тушаасан байна. Тэд Польшийн цагдаа нар байсан бөгөөд хамтарч ажиллахаас татгалзвал амь насанд чинь аюултай хэмээн заналхийлжээ. Тэгвэл Вроблевский “Бид хуулиа ягштал мөрдөж, зөвшөөрөгдсөн арга л хэрэглэсэн” гэж ярилаа.
Ямар ч байлаа гэсэн Кристиан Бала чухам тэр өдрөө л Яцек Вроблевскийтэй анх нүүр учирчээ. Тэд ямааны эвэр хананд нь зүүсэн өрөөнд ярилцаж, зохиолчийн эсрэг нотлох баримт хараахан олоогүй байсан ч мөрдөгч бодит байдалтай гайхалтай давхацсан өгүүлбэрүүдийг эш татаж, “уран зохиолын” мөрдөн байцаалт явуулсан аж. Эцэст нь Вроблевский баримт түшиж ярилцжээ. Янишевскийн гар утас ямар замаар түүнд ирснийг сэжигтнээс тодруулахад ломбардаас худалдаж авсан байж болно шүү дээ гэж Бала хариулсан байна. Вроблевский “Чи түүнийг (Янишевскийг) алсан уу. Чухам хэн түүнийг алсныг та мэдэх үү. Янишевскийг таних уу. Янишевскийг барьцаанд байлгасан тэр газар та байсан уу” гэх мэтээр асуухад Бала “Үгүй” гэж хариулжээ. Хуулиар Балаг 48 цагаас илүү саатуулж болохгүй тул суллаж явууллаа. Түүнд ял оноох хангалттай нотолгоо цагдаа нарт байсангүй.
Балаг Польшоос гарч явахыг нь хориглосон тул түүний төрөл садан, ойр дотнынх нь хүмүүсийг Вроблевский байцаах ажлыг ил шулуун эхлэх боломж бүрджээ. Энэ хооронд зохиолч ч зүгээр суусангүй, Вроцлавын цагдаагийн байгууллагынхан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж Вроблевскийд мэдүүлэхээр зэхэж байлаа. Мөн олон улсын хүний эрхийн байгууллага, фэн клубтээ хандан захидал бичиж, өөрийг нь “тагнаж буйд” гомдоллоод, “Би эцсээ хүртэл тэмцэнэ гэдгийг та бүхэн мэдвэл зохино” гэж бичсэн байна.
Театрын найруулагч, Балатай учирдаг хүүхнүүдийн нэг, түүнтэй АНУ, БНСУ-аар аялсан Дениз Райнхарт зохиолчийг дэмжиж интернэтэд ил захидал байршууллаа. Балаг буруутгах нь дэмий хэрэг, мөрдөн шалгах ажлаа даруй зогсоо гэж түүндээ бичсэн аж. Польшийн Хууль зүйн яаманд ч олон хүн хандаж, Балаг хууль бусаар цагдан хорьж буй хүмүүст хариуцлага хүлээлгэхийг шаардах болов.
Вроблевскийн багийнхан олон түмний дарамт шахалтыг үл тоон ажлаа хийсээр бас нэг сэжүүрээс атгаад авчээ. Гэмт хэрэгтэн Балагийн эцэг, эх, үерхдэг, ойр дотнын хүмүүс, ажлын газрынхан зэрэг 32 хүнтэй тэд уулзсан байв. Тэгээд гэмт хэргийн сэдлийг тогтоох л үлджээ. Зохиолчийн гэргий байсан, аллагаас өмнө салсан Станислава гэх эмэгтэйн найзын өгсөн мэдүүлэг цагдаа нарт тус болов. 2000 оны зун хоёр бүсгүй нэгэн шөнийн клубт очих үеэр Станислава урт үстэй, цэнхэр нүдтэй Дариуш Янишевский гэх эртэй танилцжээ. Тэд утасны дугаараа солилцож, уулзалдахаар болсноор барахгүй зочид буудалд хонох ч болсон аж. Үүнийг нь Бала дуулчихаж. Хэдэн долоо хоногийн дараа Бала хуучин гэргий дээрээ согтуу очиж, хаалгыг нь эвдэн орж, эмэгтэйг цохиж авсан байна. “Тэр Дариушийн албан газар нь очсоноо надад хэлж, ямархуу байсныг үгээр дүрсэлсэн. Түүгээр ч барахгүй аль зочид буудлын ямар өрөөнд байсныг чинь мэднэ” гэж хэлсэн хэмээн Станислава ярьжээ. Энэ бол аминд нь хүрэх хүнээ Бала харсан, мэддэг байсны шууд нотолгоо юм. Гэмт хэрэгтэн Бала гэдэгт Вроблевскийд эргэлзэх зүйлгүй боллоо.
Дариуш Янишевскийг алсных нь төлөө Кристиан Балад 2008 онд 25 жил хорих ял ногдуулжээ. Зохиолч харин хэргээ хүлээсэнгүй. Хэвлэлд дэгдээсэн шуугианы улмаас “Солиорол” роман хэдэн жил бестселлер болсноо шүүх хурал өнгөрмөгц дэлгүүрийн лангуун дээр харагдахаа больсон байна. Дахин аллага үйлдэхээр төлөвлөж байсныг нь гэрчлэх баримт Балаг баривчлахаас өмнөхөн компьютероос нь олдсон гэдэг. Зохиолч шоронд байхдаа шинэ ном бичиж буйгаа хүмүүсийн сонорт хүргэсэн байдаг.