Улаанбаатар хотод аяллын шинэ чиглэл бий болгох, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалан, хамгаалах зорилгоор Их тэнгэрийн амны хадны зураг орчмыг тохижуулах ажлыг хийхээр төлөвлөж буйгаа нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Тодруулбал, Их тэнгэрийн амны зүүн захад, хойшоо харсан хадан хясаан дунд улаан зос болон хар бэхээр зурсан Монгол, Хятад, Төвөд бичээс бүхий сүг зураг байдаг гэнэ. Эдгээрийг Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Окладников 1960 онд илрүүлэн, судалж байсан удаатай. Эл улаан зосон зураг долоон хэсэг газар зурагдсан бөгөөд дотроо олон толботой, дөрвөлжин хашлага бүхий долоо, хөтлөлцөн зогссон хүний 29, халин нисэж буй бүргэдийн гурав, замаар явж буй адууны хоёр дүрсээс бүрдэх гэнэ. Толбо, дөрвөлжин хашлагийн өнцөг зэрэг баларч арилсан дүрслэлийн хэсгүүд нь өдгөө үлджээ. Эдгээр нь хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд судлаачдын үзэж байгаагаар эртний малчин аймгуудын заншлыг харуулсан олдвор гэнэ.
Харин хар бэхэн зураг нь улаан зосон зургийн хажууд байх бөгөөд “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс, дээлтэй хүн, эргэж хараад зогсож буй цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэх аж. Дээлтэй хүүхнийг эгц урдаас нь харж дүрсэлсэн бөгөөд түүний дугариг царай, онигордуу нүд зэргийг тодорхой зурагласан нь монголчуудын өв соёлыг багтаасан хосгүй олдвор юм. Дээлийн энгэрт давхарлаж хадсан гоёл чимэглэл зэргийг эгнүүлэн дүрсэлсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өндөр малгайн орой дээр өд мэт зүйл хадсан явдал аж. Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үеийн Монгол язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг богтаг малгай мөн хэмээн үздэг. Монголын Юань гүрний их хатдын хөргийг иймэрхүү малгайтай зурсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас олдсон Монгол эмэгтэйн булшнаас ийм малгай хэд хэд гарч иржээ. Их тэнгэрийн амны энэхүү зураг нь Монгол эмэгтэйг зурсан анхны зураасан зураг учир ийнхүү сэргээн засаж, аялал жуулчлалын бүс газрыг нэмэгдүүлэхээр болсон байна.