Бүх нийтийн хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг ирэх сарын 5 хүртэл хойшлуулсан. Бүртгэлийн явцыг Боловсролын үнэлгээний төвийнхнөөс тодруулахад “Энэ жил 39 000 орчим хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж урьдчилан тооцсон. Одоогоор 38 900 шалгуулагч цахим системд хандсанаас 34 457-гийнх нь бүртгэл албан ёсоор баталгаажсан. Бусад 4463 хүний тухайд шалгалтын хураамжаа төлөөгүй, зарим нь бичиг, баримтын зөрүүнээс болоод бүртгэл нь хараахан баталгаажаагүй байна. Ирэх сарын 5 гэхэд эдгээр хүн шалгалтдаа амжаад бүртгүүлэх байх” гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалт 30 000 хүн өгсөн бол энэ жил уг тоо 10 мянга орчмоор нэмэгджээ. Үүнээс гадна коронавирусийн халдвар хүн амын дунд тархсан учир шалгалтын байрны тоог нэмэх, хүн хүчийг тэнцүү хуваарилах зэрэг зохион байгуулалтын цөөнгүй ажил ундарч буй аж. Тодруулбал, өнгөрсөн онд шалгалтын 85 байранд давхардсан тоогоор 12 мянга гаруй хүн ажиллажээ. Харин өнөө жилийн шалгалтыг халдвар хамгааллын чанд дэглэм дор нэг ангид 12 хүүхэдтэйгээр, шалгалтын 105-110 байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Шалгалтын байр бүрт орох, гарах хаалга тусдаа байх бөгөөд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиулах эмч, багш, хянагч, үйлчлэгч зэрэг нийт 23 мянга (давхардсан тоогоор) орчим хүн ажиллуулах урьдчилсан тооцоо гаргасан байна. Шалгалтын байрны тоо ийнхүү нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний нөөц, төсөв санхүү хүрэлцэхгүй байгаа тул БШУЯ-наас шаардлагатай нэмэлт санхүүжилт өгөхөөр болжээ. Мөн шалгалтын байр бүрт тестийн хариу уншигч машин байрлуулах бөгөөд энэ жил 30-ийг нэмэх аж. Бүгдийг нь худалдан авах боломжгүй учраас их, дээд сургуулиудаас түрээслэхээр судалж буйгаа албаныхан хэлсэн. Ташрамд дурдахад, ирэх сарын 20 гэхэд шалгалтын бэлтгэлийг бүрэн хангаж, суудлын хуваарийг зарлах аж.