Дэлхийн дулаарал эрчимжихийн хэрээр хатуу, ширүүн уур амьсгалтай манай оронд байгалийн тэнцвэр улам алдагдаж байгааг сүүлийн үеийн судалгаануудын үр дүн бататгахын зэрэгцээ эрдэмтэн, судлаачид хөндөх болов. Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байхаа больж, улирлын хил хязгаар өөрчлөгдсөн тухай хүмүүс ярих болсон нь учиртай. Хэт дулаарлаас үүдэлтэй бас нэг аюул нь хур тунадас, хөрсний чийгийн хэмжээ багассан явдал. Энэ нь хуурайшилтыг эрчимжүүлж, ган, зуд, түймэр зэрэг байгалийн гамшгийг “дуудсаар” байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын улирал буюу түймрийн аюултай үе гэж үзэж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд байгалийн энэ “хууль” алдагдаж, цаг хугацаанд захирагдахаа байжээ.
БОАЖЯ-наас гаргасан Байгаль орчны төлөв байдлын тайланд энэ тухай маш тодорхой дурджээ. 1982 оноос хойших ой, хээрийн түймрийн давтамж, цаг хугацааг харьцуулсан судалгаанд “Эхэн үед буюу 1982-2000 онд хавар, намрын түймрийн улирлын хугацаа хоорондоо хол зайтай, зургадугаар сараас есдүгээр сард ургамлын чийг ихтэй учир түймэр гарах, дэлгэрэн тархах боломж багатай байж. Харин үүнээс хойш хавар, намрын түймрийн идэвхтэй үе ойртож, 2012 оноос давхцал үүсэж эхэлсэн. Түүнчлэн хаврын түймрийн улирлын эхлэл хоёрдугаар сарын дунд, сүүл үе рүү, намрынх арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эх рүү шилжсэн. Ерөнхий хандлага тэлж, жилийн бүх үе түймрийн эрсдэлтэйд тооцогдож байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, хуурайшилтаас үүдэлтэй түймрийн эрсдэл эрс нэмэгдсэн гэсэн үг.
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ ашиглан 2015 оноос гаргаж эхэлсэн ган, зудын эрсдэлийн үнэлгээ, хуурайшилтын зэрэглэлийн зургаас харахад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Төв, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Завхан аймаг хамгийн эрсдэлтэй бүсэд тооцогдож байна. Сүүлийн таван жилд бүртгэгдсэн түймрийн тохиолдлын 80-90 хувь нь эдгээр аймгийн нутагт гарчээ. Энэ сарын 20-нд буюу хамгийн сүүлд гаргасан түймрийн аюулын үнэлгээнд ч эдгээр аймгийн дийлэнхийг “улаан бүс”- д хамруулсан. Тодруулбал, Хөвсгөлийн зарим, Булган, Дорнод, Сүхбаатарын хойд, Хэнтийн өмнөд, Архангайн зүүн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Сэлэнгэ, эрсдэл нэн их буюу аюултай түвшинд тооцогдож байв. Дээрх газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийнхэн “Өнгөрсөн өвөл хур тунадас бага орж, цасан бүрхүүл хангалттай хэмжээнд тогтоогүй, олон жилийн дунджаас дулаан байсан нь хуурайшилт ихсэхэд нөлөөлсөн” гэж тайлбарласан юм. Харин өнгөрсөн бямба гарагаас эхлэн Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим нутагт их хэмжээний нойтон цас орсон нь хуурайшилтын аюулыг намжаах “шар тос” болох магадлалтай ч нөгөөтээгүүр малчдыг зутраах эрсдэлтэй гэж цаг уурчид болгоомжилж буй аж.
Цаг уурын өөрчлөлтийн улмаас хуурайшилт эрчимжиж буйн бодитой жишээ нь Хөвсгөл аймаг. Ой, тайга бүхий долоон аймгийн нэг, ургамлын төрөл зүйлээр баялаг, томоохон нуурын ай савд багтдаг тус бүс манай орны хамгийн зөөлөн, чийглэг, таатай уур амьсгалтайд тооцогддог байж. Харин одоо Монголын ерөнхий хэв шинж болох хуурай, эрс тэс уур амьсгал руу улам бүр ойртсоор, хуурайшилт, түймрийн өндөр эрсдэлтэй бүсэд хамаарах болов. “Ойн цэвэрлэгээ хийдэг компаниуд санаатайгаар түймэр тавьдаг байж болзошгүй. Ой, тайга ихтэй Хөвсгөлд түймэр дэгдэхгүй байхад юу ч үгүй, нүцгэн газарт гал гараад байгаа нь учиртай” хэмээн тус аймгийг сайны жишээ болгодог цаг ард хоцорчээ. Үүний шалтгаан нь хуурайшилт.
Хуурайшилт эрчимжихийн хэрээр түймрийн давтамж ойртож, ган, зудын эрсдэл нэмэгдэхээс гадна гадаргын усны нөөц багасах аюул дагуулдаг. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс өнгөрсөн онд гаргасан тайланд “Ган болон хуурайшилтын зэргийг хур тунадасны стандартчилсан индекс (SPI)-ээр тооцоолдог. Уг индекс нь гадаргын усны нөөц багасах, гол, горхи, нуур, цөөрөм татрах, ширгэх нөхцөлийг илэрхийлэх үзүүлэлт болдог. 1997-2001 онд SPI индекс 0.5-1-ийн хооронд буюу онцгой хуурайшилтай үе тохиож, олон гол, нуур, цөөрөм хатаж, ширгэсэн бол 2012-2016 онд эрсдэл багасан, хөрсний чийг зохих хэмжээнд хүрч, гол, мөрөн хальж, үерлэж байв. Харин 2017 оноос хойших үзүүлэлт 1997-2001 оны индекс рүү ойртсон байна” гэжээ.