Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-нд болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт, Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм.
Ташрамд дурдахад, Улсын дээд шүүх хорио, цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан 2021 оны дөрөвдүгээр сарын 13-нд нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг 2021 оны тав дугаар сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгажээ.