Олон өдөр үргэлжилсэн цас, борооны улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд уулын ус гэнэт бууж, далан хальж, оршин суугчид нь үерийн усанд авсан байна. Эл шар усны үерийн улмаас айлуудын хашаа, хороо, гэр усанд автсан учир орон нутгийн иргэд болон сумын удирдлагууд хамтран суваг, шуудуу татсан гэнэ. Тодруулбал, Бугант тосгоны Захирагчийн албаныхан болон Цагдаагийн хэсгийн алба хаагчид далан, шуудуу татах ажлыг эхлүүлж, иргэн Б.Хүрэлчулуун, Т.Батсүх нар өөрсдийн машин, техник хэрэгсэлтэйгээр туслалцаа үзүүлсэн аж. Иймээс шар усны үерээс сэрэмжилж, бага насны хүүхдийг үерийн далан руу унах, осолдох зэрэг болзошгүй аюулаас хамгаалахыг тус тосгоны Захирагчийн албанаас анхаарууллаа.