Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын уршгийг арилгахад оролцсон хүмүүсийн хүүхдүүдийн ДНХ гэмтээгүй болохыг Орос, Украин зэрэг зургаан улсын эрдэмтэд тогтоожээ. Цацраг идэвхэт туяанд хордсон эцэг, эхээс мэндэлсэн хүүхдүүдийн генийг түүхэнд анх удаа судалсан нь энэ.
Ослын дараа 1987-2002 онд мэндэлсэн бүх хүүхдийн генийг эрдэмтэд бүрэн судалснаа “Science” сэтгүүлд мэдээлсэн байна. Лондоны хатан хааны коллежийн профессор Жерри Томас цацрагийн улмаас үүссэн хорт хавдрыг олон арван жил судалжээ. Тэрбээр “Байвал зохих хэмжээнээс харьцангуй өндөр цацраг идэвхт бодист хордсон нь хүний үр хөврөлд нөлөөлдөггүйг харуулах нь судалгааны зорилго байсан” гэв. Эрдэмтдийн багийг АНУ-ын Хорт хавдрын үндэсний хүрээлэнгийн профессор Мередит Йегер удирдсан байна. Судалгаанд Чернобылийн эргэн тойрны хортой бүсийг цэвэрлэхэд оролцсон ажилчид, тус станцаас 70 км радиус дотор орших Припять хот болон бусад суурингаас нүүлгэн шилжүүлсэн оршин суугчид, тэдний хүүхдүүдийг хамруулжээ.
“Японы Нагасака, Хирошима хот цөмийн бөмбөгдөлтөд өртсөний дараа олон хүн хүүхэдтэй болохоос эмээдэг байсан. Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол болсны дараа ч хүмүүс цацраг идэвхт бодис үр удамд нь нөлөөлөхөөс болгоомжилж байв. Тийм нөлөө байдаггүйг би нотолж, ийм айдсыг арилгах найдвар бий” гэж Хорт хавдрын үндэсний хүрээлэнгийн доктор Стивен Чанок ВВС-д урьд нь ярьж байжээ.
Профессор Жерри Томас олон улсын судалгаанд оролцоогүй ч Чернобылийн ослын уршиг хорт хавдар холбоотой, эсэхийг шалгахад хамтран ажилласан аж. Тэд анхаарлаа бамбай булчирхайн хорт хавдарт хандуулсан гэнэ. Учир нь атомын цахилгаан станцын ослын дараа эл өвчин 5000 орчим хүнд илэрсэн ч олонх нь эдгэрчээ.
ЗСБНХУ-ын эрх баригчид ослын дараа тус бүс нутаг дахь хорт бодист хордсон сүүг худалдаанаас татаагүй бөгөөд тэдгээрийг хүүхдүүд ууж, цацраг идэвхт йодын их хэмжээний тун авчээ. “Ослын дараа үүссэн бамбай булчирхайн хорт хавдар болон эл эрхтний өөр гаралтай ийм өвчин хоорондоо ямар ч ялгаагүйг бид тогтоосон. Чернобылиэс үүдэлтэй, эмчлэгдэхгүй хорт хавдар гэж байхгүй” гэж тэрбээр ярьсан байна.
Бэлтгэсэн: З.Амгалан