"Минж үржүүлэх, нутагшуулах" төвд дөрвөн ихэр дүдэр мэндэлсэн талаар нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Тус төвд 44 бодгаль минж бий бөгөөд энэ жилийн шинэ төл хүлээн авах ажил одоо хэр нь үргэлжилж байгаа аж. Дөрвөн ихэр дүдэр энэ сарын 14-нд мэндэлсэн бөгөөд энэ нь нэн ховор үзэгдэл гэнэ. Эл ховор тохиолдол нь идэш, тэжээл, амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж. Төллөсөн дүдэрүүдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн байгаа хэмээн албаныхан мэдээллээ.
Ташрамд дурдахад, Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээ болох Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажлыг 2012 оноос эхлэн ес дэх жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Одоогоор Туул голын эх болон Заан, Тэрэлж голд 57 бодгаль минжийг нутагшуулж, үр дүнд хяналт тавьж байна.