Монгол хэмээх нэрээр овоглосон, ховор зүйлийн амьтан болох бөхөнг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий дээр соргог, монгол гэх хоёр төрөл байдгаас монгол бөхөн нь зөвхөн манай орны Говь-Алтай, Ховд, Увс аймагт байдаг ч цөм сүрэг нь тус аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Тонхил, Төгрөг, Халиун сум мөн Бигэрийн хоолойгоор тархан нутагладаг.
Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой нь 14.000-д хүрч, тархац нутаг нь 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас 53 хувь нь хорогдсон байдаг. Тэгвэл өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5000 гаруй бөхөн бүртгэгдсэн удаатай. Харин дараагаар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дахин тооллого хийхэд тоо толгой нь 3500 гаруйгаар өсөж хамгийн багадаа 8500 болсныг мэдээлсэн юм.
МОНГОЛ БӨХӨНГИЙН ОНЦЛОГ
-Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил “Говийн гайхамшигт зургаа”-гын амьтдын нэг юм.
-Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.
-Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг.
-Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судас бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай агаараар хангадаг.