Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь “Сутайн бор” клубийн тамирчин Н.Сэлэнгэ мөс болон спорт авиралтын УАШТ-ээс найман алт, тус бүр нэг мөнгө, хүрэл, хотын аварга шалгаруулах тэмцээний гурван алт, хаданд авиралтын нэг мөнгөн медальтай, түүнчлэн өсөх ирээдүйтэй тамирчны цом гардсан нэгэн. Түүний аав уулчин, дасгалжуулагч, спортын мастер Х.Нямдоо. Тэрбээр хүү, охиноо багаас нь спорт авиралтын тамирчин болгохоор зорьсон гэдэг. Уулын спортод амьдралаа зориулж яваа аавынх нь хичээл зүтгэл, хүүхдүүдээ мэргэжлийн тамирчин болоход ихээхэн нөлөөлжээ.
-Цар тахлын хүнд үеийг тамирчид өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харж байгаа. Танай клубийнхэн авиралтын бэлтгэл сургуулилалтаа хэрхэн базааж байна вэ?
-Орон нутгийн тамирчид хөл хориог аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээж байна. Манай “Сутайн бор” клубийн нас насны ангиллын шилдэг тамирчид долоо хоногийн дөрвөн өдөрт нь авиралтын болон хурд, хүчний бэлтгэл базаадаг.
-Тонхил сум олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын төв байгуулсан нь хүүхдүүдийг багаас нь мэргэжлийн тамирчнаар бэлтгэх бааз болж байна. Ингэхэд авиралтын ямар төрлүүдээр анх хичээллэж, спортын гараагаа эхлүүлэв?
-Миний дурлаж, сонирхсон төрөл бол спорт авиралт. Би хурдны төрлөөр анх хичээллэж, спортын гараагаа эхэлсэн. Монголд авиралтын төрлүүдээр хичээллэх сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Манай сумд авиралтын олон улсын стандартад нийцсэн хана барьсан нь нутгаасаа, зэргэлдээх аймгуудаас тамирчид бэлтгэх том бааз суурь болсон. Хүүхдүүдийг багаас нь бэлдэх бэлтгэлийн бааз, таатай орчин, нөхцөл бүрдсэн нь уулчдыг төдийгүй сонирхон хичээллэгсдийг их баярлуулсан. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад мэргэжлийн тамирчдын амжилтыг олон улсын тавцанд ахиулахад нөлөөлж байгаа. Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт спорт авиралт багтсан болохоор тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийж, өвөл, зуны олимпод оролцох боломж бүрдлээ.
-Таны аав нутгийнхаа тамирчдыг дасгалжуулдаг, ах тань мөсөнд авиралтаар Азийн аварга болсон. Тэгэхээр гэр бүлийнхэн чинь энэ спортоор хичээллэхэд цааргалахгүй зөвшөөрч, амжилтад хөтөлсөн байх?
-Тийм ээ, спортоор хичээллэхэд гэр бүл хамгийн их нөлөөлдөг. Аав минь биеийн тамирын багш, дасгалжуулагч, уулчин. Ах минь мөсөнд авиралтаар хичээллэж, амжилт гаргасан. Биднийг авиралтын төрлийн спортод хөтөлсөн хүн бол мэдээж аав. Намайг анх хичээллэж эхлэх үеэс манайхан ойлгож дэмжсэн. Ямар нэгэн спортод сэтгэл татагдаж, хөл тавихад амьдралд томоохон өөрчлөлтүүд гардаг. Тиймээс аливаа зүйлийг эхлүүлсэн бол үр дүнг нь заавал үзэж, оргилд нь гартал хичээх хэрэгтэй. Тамирчин хүн спортын талбарт зөвхөн ганцаараа зүтгээд амжилтаас атгаж чадахгүй. Надад аав, ээж, ах минь амжилт гаргах, урам зориг өгсөн болохоор тууштай хичээллэсэн. Хичээж зүтгэвэл мөрөөдөж байгаа ялалтдаа хэзээ нэгэн цагт хүрэх болно.
-Авиралтын төрлүүд эрсдэлтэй. Охид зориг гаргаж тэр бүр хичээллээд байдаггүй. Таныг хүсэл мөрөөдлөөсөө буцах аргагүй болтол татсан энэ спортын давуу тал юу вэ?
-Спорт авиралтын төрлүүд тухайн хүнээс, эрч хүч, мэдрэмж, дайчин, зоригтой байхыг шаарддаг. Үүгээрээ адал явдалт экстрим спортод багтдаг. Хэнд ч бүх зүйл эхэндээ хэцүү санагддаг шүү дээ. Надад ч гэсэн анх хичээллэхэд амаргүй байлаа. Гар, хөлийн хуруунууд өвдөж, алганы арьс хуурч, хамаг бие булрах зэргээр шантрах зүйлих тулгарсан. Тэр үед өөрийн эрхгүй тэмүүлж, энэ спортод эргэж буцахааргүй татагдсан байлаа. Гэхдээ би ганцаараа ийм саад бэрхшээлийг туулаагүй. Авиралтын төрлүүдээр хичээллэдэг тамирчид хэцүү санагдсан бүхнийг бие, сэтгэлийн хатаар туулдаг. Хэрвээ хэцүү байна, авирахгүй гээд орхисон бол би өдий зэрэгт хүрэхгүй байсан. Надад оргилд гарч, барианд хүрэхэд хамгийн гоё мэдрэмж төрдөг. Үүнийг ямар нэгэн зүйлтэй зүйрлэшгүй. Тэр үед энэ спортын давуу тал, гайхамшгийг илүү мэдэрдэг юм. Анх оргилын талд нь ч хүрдэггүй байснаа өдөр ирэх тусам барианд ойртон, ахиц гарч байгааг харах тусам улам татагдаж билээ. Чадах ёстой гэсэн зорилго өөртөө тавьж, түүндээ хүрэхийг маш их хичээдэг.
-Танайхан өөрт тань итгэдэг ч бэртэж, гэмтэх вий гэж түгшдэг байх даа.
-Гэр бүлээрээ энэ спортод хөл тавьсан болохоор бэртэхээс болгоомжлон, аюулгүй байдлыг хангаж авиралтын техникүүдээс зөв суралцаж байгаа.
-Айдсаа давж байж оргилд авирдаг гэж уулчид ярьдаг. Та энэ бүхнийг хэрхэн давав?
-Аливаа зүйл харагдаж байгаа шигээ амархан биш л дээ. Миний хувьд эхлүүлсэн зүйлийнхээ үр дүнг үзэж байж, сэтгэл амардаг. Тиймдээ ч зорилгоо биелүүлэхийн тулд тэвчээртэй ханддаг. Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ тайван байлгахын тулд дуу сонсож, таагүй зүйл аль болох бодохгүйг хичээж, бие халаалтаа сайн хийдэг.
-Та мөсөнд авиралтаар хичээллэдэг цөөн эмэгтэй тамирчны нэг. Эрсдэлтэй спортоор хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?
-Би их сониуч. Намайг спорт авиралтаар хичээллэхэд энэ зан минь их нөлөөлсөн.
-Монголд авиралтын спорт хэзээ ч хөгжихгүй гэдэг байсан гадаадын дасгалжуулагчдын таамгийг эвдэж, эмэгтэй тамирчдаас Б.Ариунбаяр, эрэгтэйчүүдээс ах тань амжилтаараа тэднийг гайхшируулсан. Монголын спорт сонирхогчид тэр цагаас тамирчдаа дэлхийн аварга болох, цаашлаад олимпын наадамд оролцох боломжтойг олж харсан.
-Хүн өөрийгөө ялж чаддагийн гайхамшгийг Н.Хэрлэн ах, Б.Ариунбаяр эгч нарын хичээл зүтгэлээс олж харсан. Өдөр бүр уйгагүй хөдөлмөрлөсөн бэлтгэлийн үр дүн амжилт болон ирсэн гэж боддог. Тэд Ази тивийн томоохон тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж, аваргаар шалгарсан нь олон улсын тамирчин, дасгалжуулагчдын хандлагыг өөрчилж чадсан. Хүн өөрөө хүсэл тэмүүлэлтэй бол боломжгүй зүйл үгүй.
-Хэцүү хэрнээ мартагдахааргүй дурсамж үлдээсэн тэмцээнээ сонирхуулаач?
-Би 2016 оны тавдугаар сард зохион байгуулсан УАШТ-д анх удаа оролцож, спорт авиралтын төрөлд медаль хүртсэн юм. Тэр тэмцээнд алтан медалийн төлөө RTU клубийн тамирчин, хурдны төрөлд тэргүүлж, алтан медаль хүртсэн охинтой өрсөлдөх боллоо. Бага зэрэг эмээж, сандарснаасаа болж гараан дээр хөл алдсан ч гүйцэж, өрсөлдөгчөө ялсан баярт үйл явдал миний амьдралын хамгийн дурсамжтай сайхан мөчүүдийн нэг.
-Өрсөлдөгчдийнхөө давуу талыг хараад өөрийнхөө юун дээр түлхүү анхаарч, хөгжүүлмээр санагдсан бэ?
-Өрсөлдөөн бол ур чадвар, амжилтаа сайжруулахад нөлөөлдөг зүйл. Би өрсөлдөгчийнхөө давуу талыг харахаас илүү өөрийнхөө сул талыг засахад анхаардаг.
-Авиралтын спортын тамирчдад хамгийн их тулгамддаг ямар асуудлууд байна вэ?
-Уул, хад, мөс, спорт авиралтаар хичээллэж эхэлсэн бол саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй, зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшлах ёстой. Хөдөлмөрлөсөн хүн хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ. Амжилт бодож байгаа шиг амархан ирдэггүй. Өөрийгөө дайчилж, зүтгэсэн өдрүүдийн тоогоор алхам алхмаар ойртдог. Бурхан хөдөлмөрлөсөн хүнийг шагнадаг гэдэг дээ.
-Спорт авиралтаар хичээллэдэг залууст урам зориг төрүүлэх үг хэлээч.
-Спортоор хичээллэх нь хүнийг тэсвэр хатуужилтай болгож, дайчин, хөдөлмөрч занд сургадаг. Залуус өөрийгөө хөгжүүлэхийн төлөө зорилго, тэмүүлэлтэй байгаарай. Амжилтад аз байдаггүй, харин асар их хөдөлмөр, зүтгэл түүнд хүргэдэг юм шүү гэж хэлье.