Тэртээ 1970 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар “Эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Өдгөө дэлхийн 192 улсын нэг тэрбум гаруй хүн эх дэлхий, байгаль орчноо хамгаалахын тулд эл өдөр нэгдэн, тэмдэглэн өнгөрүүлдэг гэх судалгаа бий.
Эх дэлхийн өдрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан байдаг.
Өнгөрсөн онд “Олон улсын Эх дэлхийн өдөр”-ийн 50 жилийн ой тохиож, 7.8 тэрбум мод тарих зорилгодоо дэлхийн хүн нэг бүрийг уриалан дуудах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ. Жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг эл баярыг энэ онд “Эх Дэлхийгээ сэргээе” уриан дор тэмдэглэх гэж байна.
Манай улсын хувьд дээрх өдрийг тохиолдуулан энэ жил “Органик хог хаягдал” сэдэвт хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулах юм. Хэлэлцүүлэгт зочноор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Төв Азийн Хөрс Судлалын холбооны хөрс судлаач Б.Ундрах-Од, МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэл, цэвэр технологийн лабораторийн эрхлэгч дэд профессор Т.Энхдөл нар оролцож, Хог хаягдлыг дахин боловсруулах холбооны мэргэжилтэн Б.Аригуун модератороор ажиллах гэнэ.