МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш, судлаач В.Гүндэгмаатай ярилцлаа. Тэрбээр өндөр уулын ургамлыг голчлон судалдаг юм.
-Хэд хоногийн өмнө болсон “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” цахим хэлэлцүүлэгт та илтгэгчээр оролцсон. Залууст юу хэлэхийг зорьсон бэ?
-Уур амьсгалын өөрчлөлт бол эргэлт буцалтгүй үйл явц. Үүнийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авах нь хөрөнгө хүч, цаг хугацааг хэмнэнэ. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй шүү дээ. Нөгөөтээгүүр, уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн өдөр тутмын амьдрал, амьжиргаанд шууд болон дам нөлөө үзүүлж буй тул иргэд энэ үйл явцын тухай зохих мэдлэг, мэдээлэл, боловсролтой байх нь чухал. Ингэснээр энэ өөрчлөлтөд зохицон амьдрах арга замаа олж чадна. Өөрөөр хэлбэл, улс орны тогтвортой хөгжлийн боловсролын нэг чухал хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хүмүүст эзэмшүүлэх, бий болгох явдал юм. Үүнийг л залууст ойлгуулахыг зорьсон. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусыг байгальд ээлтэй амьдралын хэв маяг, зан үйлд уриалах, тэдэнд экологийн боловсрол олгож, зөв хандлага төлөвшүүлэх нь судлаачдын нэг эрхэм зорилго байдаг.
-Та өндөр уулын ургамлыг голчлон судалдаг. Тэгвэл ийм бүсэд ургадаг ургамлын тархац, бүлгэмдэл зэрэгт уур амьсгалын нөлөө хэрхэн илэрч буй бол?
-Монгол орны бусад газар нутагтай харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй нь Монгол Алтай юм. Хамгийн өндөрлөг цэг болох эл нурууны мөстлөгийн эзлэх талбай 1940-2002 онд 30 гаруй хувиар багассан. Цаашдаа ч багасах хандлагатай. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлт нам доор гэхээсээ илүү өндөрлөг газрын ургамлын олон янз байдалд нөлөөлдөг. Тухайлбал, ургамлын амьдрах орчин аюулд өртөж, цэцэглэх, үрлэх үе шатуудад сөргөөр нөлөөлж байна. Ургамал “стресс”-т орж, үр жимс нь боловсрохгүй байх, ургалт зогсох үзэгдэл түгээмэл боллоо. Цаашлаад устах аюулд өртөж буй. Үүнээс гадна зохисгүй ашиглалт, малын тоо толгой хэт өссөнөөс улбаатай бэлчээр, ургамлын хомсдол, доройтол гаарсан нь энэ үйл явцыг улам эрчимжүүлж байна.
-Өндөр уулын ургамал Монголд хэр сайн судлагдсан бол. Хэчнээн төрөл, зүйлийг бүртгэсэн бэ?
-Өндөр уулын ургамлын чиглэлээр Монголын болон гадаадын олон судлаач судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Тухайлбал, Монгол Алтайн бүс нутгийн ургамалжлын судалгааг Ц.Даваажамц, Ж.Очир, Д.Банзрагч, Б.Дашням нар 1950 оноос хойш янз бүрийн бүс, бүслүүрт хийсэн. Мөн Карамышева, У.Бекет, Е.А.Волкова, Д.Оюунчимэг тэргүүтэй судлаачид Монгол Алтайн ургамалжилт, ургамлын аймгийн суурь судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулсан. Манай орны ургамлын аймагт нийт 112 овгийн 683 төрлийн 3127 зүйл хамаардгаас Монгол Алтайн тойрогт 1636 зүйл, гуурст дээд ургамал тархан ургадаг. Миний хувьд шавь Т.Мөнх-Эрдэнэтэйгээ хамтран уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг төрөл зүйлийн судалгааг энэ бүс нутагт хийсэн. Мөнх цас, мөсөн голын хилээс ойн болон уулын хээрийн дээд хил хүртэлх гуурст дээд ургамлын аймгийн судалгаа хийж, дэд таг, таг, цармын бүслүүрт нийт 60 овгийн 202 төрлийн 560 зүйл ургамал бүртгэж, флорын дүн шинжилгээ хийлээ. Энэ судалгааны дүнд “Өндөр уулын цэцэгс” бүтээлээ хэвлүүлсэн. Өндөр уулын ургамлын төлөөлөл бүхий 270 зүйл тус бүрийн амин хэлбэр, ургамал зүйн шинж, цэцэглэх, үрлэх хугацаа, ургах орчин, тархац, эндемизм, ховордлын зэргийн тухай мэдээллийг латин, монгол, англи хэлээр оруулснаас гадна ургамлын гадаад бүтцийн онцлог шинжийг харуулсан гэрэл зургуудыг хамтатгасан юм. Энэхүү бүтээл байгаль хамгаалагч, ургамал болон амьтан судлаач, газарзүйч, мэргэжлийн сургуулийн оюутнууд, түүнчлэн гадаад, дотоодын жуулчид, ургамал сонирхогч гээд хэн бүхэн ашиглаж болохуйц, ойлгоход хялбар, энгийн зурагт тайлбар бүхий “лого”-тойгоороо ихээхэн онцлог. Монгол Алтайн өндөр уулын бүслүүр дэх зонхилох ургамлын төлөөлөгчдийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, гол “үзмэр” болгох нь тус бүтээлийн бас нэг зорилго.
-Та хэзээнээс энэ чиглэлээр дагнах болов?
-2014 оноос өндөр уулын ургамлын аймгийг судалж хэлсэн.
-Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна ургамлын олон янз байдалд өөр юу нөлөөлж байна вэ. Цаашид ямар судалгаа хийх шаардлагатай гэж үзэв?
-Хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйгаас үүдсэн цөлжилт, уул уурхайн болон хүний үйл ажиллагаа зэрэг нь шууд ба шууд бус нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг хурдасгаж, биологийн олон янз байдлыг хадгалж үлдсэн эмзэг экосистемүүдэд дарамт учруулж байгааг сүүлийн үеийн судалгаанууд илтгэх боллоо. Түүнчлэн ургамлын аймаг, олон янз байдлыг хамгаалахад холбогдох яам, төрийн байгууллагууд бодлогоор анхаарах, төрөл зүйлийн судалгааг илүү нарийвчлалтай, өндөр түвшинд хийх шаардлагатайг дэлхийн бусад орны туршлага харуулсаар буй. Иймд Монгол орны унаган ургамлын ген фондыг хамгаалах, үрийн генийн санг бүрдүүлэх (хадгалах), тарималжуулж, сэргээн нутагшуулах, биологи (морфологи, анатоми, физиологи, фенологи)-ийн болон экофизиологийн судалгааг нэн даруй эхлүүлэх шаардлага тулгараад байна.
-Та Монголоос гичгэнийн шинэ зүйлийг илрүүлж, дэлхийн шинжлэх ухааны ургамлын аймагт аавынхаа нэрээр бүртгүүлсэн юм билээ. Энэ тухайгаа ярихгүй юү?
-Монгол орны гичгэнийн төрлийн ангилал зүйн дагнасан судалгаа хийх явцдаа дэлхийн шинжлэх ухаанд Ванжилын гичгэнэ (Poten¬tilla Vanzhilii) хэмээх шинэ зүйлийг нээн илрүүлж, бүртгүүлсэн. Ингэхдээ аавынхаа нэрээр нэрлэсэн. Миний аав Ч.Ванжил Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, Хүрэн голын багийн Засаг даргаар ажиллаж байгаад, гавьяаныхаа амралтыг авсан буянтай буурал бий.
-Ванжилын гичгэнэ хаана ургадаг, ямар онцлогтой юм бол?
-Тус ургамал нь Монгол орны Хангайн нурууны цэвдэгтэй хөндийгөөр ургадаг онцлогтой. Энэхүү шинэ зүйлийг би Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хадатын рашааны орчмоос илрүүлсэн.
-Монголоор овоглодог ийм эндемик (унаган) ургамал хэр олон бэ?
-Монголын үе үеийн ургамал судлаачид унаган буюу эндемик ургамлын асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн. Унаган гэдэг статусыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хил хязгаарын дотор хамааруулж авч үздэг. Хамгийн сүүлд ургамал судлаач, доктор М.Ургамал, доктор, профессор Б.Оюунцэцэг нар Монгол орны унаган ургамлын судалгаа хийж, 19 овогт хамаарах 49 төрлийн 120 зүйл манай улсад тархан ургадгийг тогтоосон.
-Цар тахлын нөлөөгөөр олон салбарын үйл ажиллагаа доголдож, зогсонги байдалд шилжээд буй. Та сүүлийн үед ямар судалгаа шинжилгээнд төвлөрч байна вэ?
-Цар тахал дэлхий дахинд томоохон сорилт болж байна. Миний хувьд судалгааны ажилдаа илүү төвлөрөх боломж бүрдсэн. Монгол орны гичгэнийн төрлийн ургамлын ангилал зүйн сэдвээр биологийн ухааны докторын зэрэг горилохоор ажлаа үргэлжлүүлж байна. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхээр ургамал судлаачидтай хамтран ажиллаж буй.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Сурахаар төлөвлөсөн зүйл, хийхийг хүсэж мөрөөдөж буй ажил олон бий. Шинжлэх ухаанд орой байдаггүй гэдэг. Тиймээс сурч, судлах зүйл бишгүй. Нэн түрүүнд цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа Монгол Алтайн өндөр уулын ховор, ховордож болзошгүй ургамлын төрөл зүйлийн судалгааг өндөр түвшинд хийх зорилго бий. Тухайн бүс дэх ургамлын төрөл зүйл, бүлгэмдэлд цэвдэг, цэвдгийн алдрал хэрхэн нөлөөлж байгааг судлан тогтоох хүсэлтэй.