Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаныхан энэ сарын 07-10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж ахуйн нэгж, иргэдэд хяналт тавьж ажиллажээ. Улмаар шалгалтын ажлыг эхлүүлж, холбогдох арга хэмжээ авсан талаараа танилцууллаа. Тэд Ерөө сумын Бугант тосгоны нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гурван аж ахуйн нэгж, дөрвөн нөхөрлөл, 29 иргэнийг шалгасан байна. Мөн үйл ажиллагаандаа хэрэглэж байсан 24 экскаватор, 17 ачааны автомашин, дөрвөн ковш, 18 алт угаах төхөөрөмжийг битүүмжилжээ.
Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн гурван үйлдлийг илрүүлэн,
- Ялбаг гэх газарт хууль бусаар олборлолт хийж байсан 20 экскаватор, долоон ковш, дөрвөн ачааны машин, 12 алт угаах төхөөрөмж,
- Харганат гэх газраас есөн экскаватор, зургаан ковш, хоёр алт угаах төхөөрөмж,
- Өлөнт гэх газраас долоон экскаватор, гурван ковш ,
- Хорийн даваа гэх газраас 10 экскаватор, хоёр алт угаах төхөөрөмж, нийт 82 техник, хэрэгслийг ууланд нуусан болон нутгийн иргэдийн гэрийн гадна байрлуулсан байсныг бүртгэлжүүлсэн гэнэ.
Эдгээрийг таван хэсэг газарт нэгтгэн байрлуулж, 77 техник хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, тус аймаг дахь цагдаагийн газрын дарга, сумын удирдлагад уулнаас татан буулгах, дахин хууль бусаар ашигт малтмал олборлуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдсэн байна.