“Гаруда” академийн тамирчин, Монголын жиү жицүгийн холбооны “Self defenese” төслийн дасгалжуулагч, дэлхийн аварга Б.Буяндэлгэр АНУ-ын Сан-Францискод 2012 онд болсон “Америкийн цом”, Америкийн нээлттэй тэмцээнд анх удаа оролцон түрүүлж байв. Шагналын салхиа хошой алтан медалиар хагалсан түүний амжилтын түүх үргэлжилсээр байгаа билээ. Үүнээс гадна самбо, жүдогоор шаггүй барилдчихна. ОХУ-ын Красноярск, Тайландын Бангкок хотод 2008 онд болсон жүдо бөхийн олон улсын тэмцээнээс тус бүр хүрэл медаль зүүж, АНУ-ын Сакраментод 2011 онд зохион байгуулсан “Capital open“ тэмцээнд тэргүүлсэн юм. Тэгвэл самбо бөхөөр Узбекистаны Ташкентэд 2007 онд болсон Азийн АШТ-ээс мөнгө,Тайландын Бангкокт 2008, БНСУ-ын Сөүлд 2010 онд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-д түрүүлж, аваргаар шалгарсан амжилттай.
-АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулсан жиү жицүгийн мастерууд ангиллын ДАШТ-д түрүүлж, аварга болсон танд баяр хүргэе. Энэ үйл явдал цар тахлын хүнд үеийг даван туулж буй монголчуудыг баярлуулсан хамгийн сайхан мэдээ байлаа.
-Баярлалаа. Миний хувьд энэ жил шагналын хур далласан он байлаа. Би тус хотод зохион байгуулсан гурван том тэмцээнд амжилттай оролцсон. “Их дуулга”, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртэж, мастерууд ангиллынхад тэргүүлэн, дэлхийн аварга боллоо. Дэвжээнд өрсөлдөгчдөө ялчихаад Монгол Улс, “Гаруда” академийн тамирчин гэж зарлахад сэтгэл догдолж, шагналын тавцанд Төрийн дууллаа сонсох мөчид баярын нулимс унагасан. Тамирчин хүний хамгийн сайхан нь энэ бүхнийг мэдрэхэд л байдаг. Тийм үед эх орон, төрсөн нутаг, аав ээж, хамт олон, найз нөхөд минь хамгийн түрүүнд бодогддог юм билээ.Тамирчид дээрх тэмцээнд чансааны оноо цуглуулж, оролцох эрхтэй болдог. Энэ удаа тэмцээнд өрсөлдөх тамирчдын тоог танаж, улс бүрээс хоёр тамирчинд урилгаар оролцох эрх олгосон юм. Тэр хэрээрээ тэмцээний зохион байгуулалт өндөр, хатуу хяналтад болсон. Тамирчдаас өдөр бүр PСR-ын шинжилгээ авч, байрласан буудлаасаа зөвшөөрөлгүй гарсан тохиолдол тэмцээнээс хасахыг сануулж байв. Тэмцээнүүд гурав хоногийн зайтай болсон тул ачаалал ихтэй, өөрийгөө их дайчилсан. “Их дуулга”-д оролцчихоод өөртөө “Буяа минь хичээгээрэй, одоо хоёр тэмцээн үлдлээ, амжилттай барилдана шүү” гэж хэлсэн. Монголоо төлөөлж, нутгийн дүү Ө.Эрдэнэбаатартай хамт оролцсон болохоор нэгэндээ дэм өгч, хурцалж байв. Дасгалжуулагчтайгаа ирсэн гадаадын тамирчдыг хараад багш, баг тамирчдаа санаж их үгүйллээ. Амжилт гаргахад тэд минь найдвартай ар тал, түшиг тулгуур болдог байсныг сайн ойлгосон.
-Шил дарсан тэмцээнүүдэд зодоглосон бөхчүүдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь ямар улсын тамирчин байв. Дэлхийн аварга болохдоо ямар мэхээр буулгаж авав?
-Жиү жицү Бразилын үндэсний спорт. Дэлхийн шилдгүүд тэнд байдаг. Мастерууд ангиллын ДАШТ-д жиндээ түрүүлсэн Юлия Бошерийн (Julia Boscher) өөртөө итгэлтэй дайчин барилдааныг хараад бахархсан. Дэлхийн 30 гаруй орны тамирчидтай нэгдсэн бэлтгэл хийхдээ түүний харилцаа, хандлага, биеэ авч яваа байдлыг нь ажигласан юм. Хэнийг ч ялгалгүй мэндэлж, хүндлэн харилцаж байгаа даруу төлөв зан нь их таалагдсан. Дэвжээнд хүч үзсэн бөхчүүдээс 49 кг-ын жинд өрсөлдсөн Бразилын хоёр тамирчны барилдаан хамгийн сонирхолтой байлаа. Тэд нэгнээ сайтар судалсан болохоор ямар ч алдаа гаргахгүй эн тэнцүү барилдсан. Би ДАШТ-д Бразилын бөхтэй “Их дуулга”-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд таарч 2:1-ээр хожсон юм. Шигшээд шалгарахдаа урьд өдөр нь түүний барилдааны арга барилыг багагүй судалсан тул тактик боловсруулж, өөрийн хийх дуртай дархан мэхээр (ни кат) буулгаж авсан. Тамирчид хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ нэгнээсээ суралцах зүйл их байдаг. Барилдах үедээ ялагдсан бөхчүүдээс ч давуу тал олж харсан.
-Та өмнө нь -62 кг-д хүч үздэг байснаа 2019 оноос жингээ ахиулсан. Хойшдоо -70 кг-д барилдах уу?
-Би одоо бор бүстэй. Ази тивдээ бор, хар бүсний ангилалд чансаагаараа I байрт жагсаж, энэ удаагийн тэмцээнд уригдаж оролцсон юм. “Их дуулга”, ДАШТ-д -70 кг-д анх удаа өрсөлдөхдөө барилдааныхаа техникийг хөгжүүлж, хүчний бэлтгэл түлхүү хийх хэрэгтэйг мэдлээ. Өөрөөсөө дээд ангиллын хар бүстэй тамирчидтай барилдсан тул хойшид арга барил, тактикийг нь сайтар судлах ёстой. Тэдний жинд зодоглохоор Монголоос тамирчин ирсэн нь нэг талаар гайхшируулж, нөгөөтээгүүр тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон байх. Миний хувьд өмнө нь хэвтээ барилдаанаар хэдэн тэмцээнд оролцсон болохоор ирэх жил зохион байгуулах Азийн наадамд жин хасаж -62 кг-д өрсөлдөнө. Үүнээс бусад тэмцээнд -70 кг-д барилдах бодол бий. Абу Дабид ирэх арваннэгдүгээр сард ДАШТ-ийг зохион байгуулна. Жин хасах нь хэцүү. Тиймээс амжилтын төлөө хичээнэ. Жингээ олон жил барьж барилддаг бөхчүүд ховор. Ингэхийн тулд маш их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулдаг.
-Монголд хөгжиж буй бөхийн төрлүүдээс жиү жицү хамгийн залуу нь. Манайхан богино хугацаанд амжилт гаргаж байгаа нь юутай холбоотой вэ?
-Манай тамирчид жиү жицүгээр 2007 оноос барилдаж байна. Эх орондоо энэ спортыг хөгжүүлэхэд Монголын жиү жицүгийн холбооны нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ багшийн үүрэг, оролцоо их. Монгол дахь спортын төрлүүдээс хамгийн залуу нь ч гэлээ түүний хэрэгжүүлж буй бодлого, менежмент, олон хүний дэмжлэгээр богино хугацаанд эрчимтэй хөгжиж, хүрээгээ тэллээ. Салбар болгонд жиү жицүгээр хичээллэдэг хүмүүс бий. Монголд нас, насны ангилалд оролцож, дэлхийн аварга болсон тамирчин олон. Хойшид жиү жицү бөхийн бусад төрөл шиг хөгжинө гэдэгт эргэлздэггүй. Орон нутгаас Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймагт салбар клубээ нээсэн.
-Аав, ээж тань охиноо гурван том тэмцээнээс медаль зүүхийг нь хараад баярлаж, бахархсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Монголд ирээд аав, ээжтэйгээ холбогдсон. АНЭУ-д видео, аудио калл хийхийг хориглосон болохоор гэрийнхэнтэйгээ холбоо барих боломжгүй байлаа. Дүүтэйгээ цахимаар холбогдож, дэлхийн аварга болсноо хэлсэн. Медаль хүртсэн тухай мэдээлэл тэр даруй тарж, олонд хүрсэн байна билээ. Аав минь өмнө нь тэмцээнд оролцохоор явахад “Амжилттай оролцоод ирээрэй” гэдэг байсан бол энэ удаа явахын өмнөх орой утасдаж “Миний охин сайн барилдаарай. Аав нь чамайг амжилт гаргаасай гэж маш их хүсдэг. Чи олон жил хичээллэлээ, ДАШТ-ээс медаль хүртэх цаг хэдийн болсон” гэж ярьсан юм. Надад аавын минь итгэл хүлээлгэсэн тэр үг амжилт руу хөтөлж, аварга болоход нөлөөлсөн.
-Дэлхийн шилдгүүдийг ялах амаргүй. Тэдний харц, үйл хөдлөлийг хараад ямар бодол төрөв?
-Миний жинд олон бөх барилдсан. Өрсөлдөгчөө ялчихаад, баярлаад үсэрч буй агшин нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэд сэтгэл догдлол, тэсрэлт, баяр хөөрөө илэрхийлж гаргахдаа азийнхнаас илүү. Харин бид тэднээс өөр, сэтгэл хөдлөл багатай. Тэмцээний өмнө өрсөлдөгчдөө үйл хөдлөл, царайны хувирлаа тэр бүр харуулахгүй. Би ч гэсэн азийнхан шиг алсын бодлоор хандаж, дэвжээнд гарахдаа гал шиг дүрэлзэхийг хичээдэг. Энэ удаа өрсөлдөгчдөө бүх талаас нь маш сайн судалсан. Өмнө нь “Жакарта 2018” Азийн наадамд биднийг дасгалжуулдаг багш минь тэр үед тамирчнаар оролцсон юм. Барилдааныхаа оноолтыг хараад зогсож байтал тэрбээр “Буяндэлгэр ээ, маргааш эхний тойрогт гарах бөхчүүдийн хэрхэн барилдахыг сонирхож харъя” гэв. Надтай өмнө нь таарч байгаагүй бөхчүүд барилдах байсан тул “За яах вэ, зүгээр л барилдчихъя. Тэднийг харснаас шууд барилдсан нь дээр” гэсэн юм. Ингэж хэлснийхээ дараа би эхний тойрогт гараад л өрсөлдөгчдөө цэвэр ялагдсан. Түүнээс хойш тэмцээнд оролцох бүртээ өрсөлдөгчийнхөө барилдааныг заавал судалдаг болсон. Надад алдаа минь сургамж болж, дахиж хожигдохгүй байхыг үргэлж сануулдаг. Өөрийн туршлагаасаа хуваалцаж байгаагийн хувьд “Жиндээ барилдах бөхчүүдийнхээ барилдааныг судалж, алдаа, сул талыг нь олж хараад өөрийн барилдах тактикаа боловсруулж байгаарай” гэж тамирчдадаа захья.
-Амжилтын гараагаа эхлүүлж байсан он жилүүдийн тань дурсамжаар аялъя. Жиү жицү сэтгэлийг тань юугаараа тэгтэл их татав?
-Би Увс аймагт наймдугаар ангиа төгсөөд, Улаанбаатар хотод ирж “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн лицей ангид сурч самбо, жүдо бөхөөр хичээллэсэн. Хичээллэх хугацаандаа самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс хоёр ч удаа хүрэл медаль хүртсэн. Биеийн тамирын сургуулийн оюутнуудын нэг давуу тал нь багш нарынхаа удирдлагад ихэнх цагаа бэлтгэл хийхэд зориулдаг. Хичээл сургууль, бэлтгэл, тэмцээн гэж завгүй гүйж явахад оюутан цагийн амьдрал харвасан сум шиг өнгөрсөн. 2010 онд сургуулиа төгсөж, дасгалжуулагч багшаар үлдэж, 2012 онд МУБИС-д магистрт сурсан. Тэр үед О.Болд-Эрдэнэ багш дасгалжуулагчаар ажилладаг байв. Тэрбээр жиү жицүгийн тэмцээнд оролцохоор байсхийгээд л явчихна. Монголд ирээд бидэнд жиү жицү гэж ингэж барилддаг бөхийн спортын нэг төрөл байдаг юм гээд зааж, барилдуулна. АНУ-ын Сан-Францискод 2012 онд болсон “Америкийн цом”, Америкийн нээлттэй тэмцээнд биднийг оролцуулахаар авч явсан юм. Би цэнхэр бүсний ангилалд өрсөлдөж, 64 кг-ын жинд түрүүлж байлаа. Гаргасан амжилтаасаа урам авч, үргэлжлүүлэн хичээллэхээр шийдсэн. Тэмцээн өндөрлөсний дараа тус хотод үлдэж, жиү жицүгийн “Ralph gracie” клубт бэлтгэл хийсэн. Самбо бөхөөр хамгийн сүүлд 2017 онд болсон УАШТ-д оролцоод дахиж барилдаагүй.
-Тэнд гадаадын тамирчидтай бэлтгэл хийхдээ хэлний бэрхшээлтэй тулгардаг байв уу?
-Тийм ээ, санаагаа ойлгуулж ярилцах гэхээр хэл мэдэхгүйгээсээ болоод нээлттэй харилцаж чаддаггүй байсан. Түүнээс хойш гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж, түвшингээ ахиулсан. Одоо бол хаана ч очсон өөрийгөө аваад явчихна, гадаадын тамирчидтай ярилцахдаа санаа, бодлоо чөлөөтэй хуваалцдаг боллоо. Тэд Монголд зочлон түүх, ахуй соёлтой нь танилцах зуураа хамтарсан бэлтгэл хийх хүсэлтэйгээ өгүүлдэг. Цар тахлын хөл хорионы үеийг үр дүнтэй өнгөрүүлж, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах бодол бий.
-Тамирчдаас зарим нэг нь гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж, спортын зам сонгосон байдаг. Бөхөөр хичээллэхэд танайхан хэр дуртай хүлээж авсан бэ?
-Би айлын ууган охин, гурван дүүтэй. Гэрийнхнээсээ ганцаараа спортоор хичээллэдэг болохоор аав, ээж минь бүх талаар дэмжсэн. “Жакарта 2018” Азийн наадамд ялагдчихаад ирэхэд хамаг итгэл найдвар минь алдарч, бүх зүйл харанхуй болсон мэт санагдаж билээ. Тэр жил уг наадмын тэмцээний төрөлд жиү жицү анх удаа багтсан болохоор медаль авч чадаагүйдээ өөрийгөө буруутган энэ спортын нэр хүндийг нь унагаж, олны итгэлийг алдлаа гэж сэтгэл эмзэглэсэн. Сэтгэлээр унаж, бөхийн спортоос холдохоор шийдсэн тэр үед “Чи айлын том охин. Спорт гэж явсаар байтал гэрлэх нас чинь оройтлоо. Амьдралд хөл тавьж, үр хүүхэдтэй болох хэрэгтэй” гэж хэлсэн ээжийн үг, багшийн минь “Хүн унаснаасаа илүү хүчтэй босох ёстой. Тийм хүн жинхэнэ тамирчин байдаг” гэсэн нь намайг хөл дээр минь босгож, дэвжээнд буцаан авчирч билээ. Тэр ялагдал намайг сөхрүүлж чадаагүй, харин ч эргэн ирж, ялалт байгуулах боломж олгосон. Олон зүйлээр сорьсны эцэст одоо больё гэж бодох үед л амжилт хаалгаа нээдэг шиг санагддаг. Багш минь одоо бидэнд “Та нар тэмцээнд яаж оролцоно, хойч үеийнхэн тань яг тийм л байна. Жиү жицүгийн түүхийг бичилцэж яваагийн хувьд зорилго, тэмүүллийнхээ төлөө зүтгэлтэй байгаарай” гэж зөвлөдөг юм.
-Тамирчин хүнийг спортын талбарт үлдэхэд олон зүйл нөлөөлдөг. Шантарч буцмаар санагдсан үед ямар зан чанар тань хурцалдаг вэ?
-Бөхийн спортоор 15 жил хичээллэж байна. Хэдий шантарсан ч өөрийг минь хөглөж, аз жаргалыг мэдрүүлдэг дуртай зүйлээсээ эрч хүч, урам зориг авах хамгийн сайхан. Би 2014 онд Тайландад болсон элсний IV их наадмын тэмцээнд түрүүлэхэд эмэгтэйчүүдийн баяр таарсан. Яг тэр өдөр сэтгэгдлээ хуваалцаж, сонинд ярилцлага өгөхдөө ээждээ баярын мэнд хүргэсэн юм. Сэтгүүлч надаас “Таны цаашдын зорилго юу вэ” гэж асуухад нь “Монголын анхны дэлхийн аварга эмэгтэй болохыг хүсдэг” гэж билээ. Ингэж хэлснээс хойш долоон жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүлсэн. Тэр сонин одоо ч байгаа. Халширч, шантарсан үедээ сониноо хараад өөртөө “Чи яагаад эргэж буцах гээд байна вэ, чамд одоо ухрах зам байхгүй” гэж хэлдэг юм. Монголд жиү жицүгээр хичээллэдэг эмэгтэйчүүдийн олонх нь найз нөхдөө дагаж хөл тавьсан байдаг. Энэ спортод бүснийхээ ангилалд өрсөлдөхөд нас хязгаарладаггүй. Үүгээрээ хичээллэгсдийн сонирхлыг их татдаг. Манай клубт Б.Энхтүвшин хэмээх 40 настай ах ирж, хоёр жил бэлтгэл хийгээд цэнхэр бүсний мастерууд ангиллын ДАШТ-д оролцож, медаль хүртсэн. Дараа жил нь ягаан бүсний ангиллаас мөн л медаль зүүгээд ирж байлаа. Түүнийг насандаа баймгүй амжилт гаргахыг хараад их бахархсан. Тэрбээр “Нас бол зүгээр тоо. Та нар сонирхсон зүйлдээ чин сэтгэлээсээ дурлавал амжилт гаргах боломж өмнө тань нээлттэй. Би өмнө нь юу хийж явсан юм бэ гэж өөрөөсөө асуудаг” гэж билээ.
-Та тэмцээнд оролцохдоо“Гаруда” академиар овоглодог. Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-Монголын жиү жицүгийн холбоо 2015 онд “Гаруда” клуб байгуулж, албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хоёр дахь салбараа энэ жил Зайсанд нээлээ. Хойшдоо нийслэлийн дүүрэг бүрт салбараа нээхээр зорьж байна. Манай холбоо энэ жил UNICEF-тэй хамтарч, эмэгтэйчүүд халдлагаас биеэ хамгаалж сурах хөтөлбөр (бие хамгаалах урлагийн) хэрэгжүүлэхээр нэг жилийн гэрээ байгуулсан юм. Энэ сараас хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрийг хариуцсан багшаар нь ажиллаж байгаа. Тэмцээнд оролцохынхоо өмнө хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг хичээллүүлэх бэлтгэлийн танхим нээхээр завгүй ажилласан. Би найзуудтайгаа уулзах болгондоо энэ спортоор хичээллэхийг санал болгодог. Танхимаа мөдхөн нээчихээд найзуудаа урьж, хамт бэлтгэл хийнэ дээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд нэг салбараа Хужирбулан дахь “Ид шидийн орон”-д нээж, хүүхдүүдийг хичээллүүлэхээр бүртгэсэн. Би 2015-2017 он хүртэл академидаа багшаар ажилласан юм. Шавь нараа тэмцээнд оролцуулахдаа медаль хүртэх болов уу, эцэг, эх нь хэр хүлээж авах бол гэж сэтгэл зовнидог байлаа. Тэднийгээ унаж, давахад нь хамт байж, уйлахад нь уйлж, инээхэд нь баярладаг. Дасгалжуулагч багш хариуцлагатай ажиллахаас гадна шавь нараа спортоор дамжуулж зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд сайн зөвлөгч, сэтгэлзүйч нь байх ёстойг ойлгосон.
-Өнөөгийн залуус хялбар аргаар амжилтад хүрэхийг боддог болжээ. Тэдэнд зорилгынхоо төлөө хэрхэн хөдөлмөрлөвөл мөрөөдлөө биелүүлэх талаар зөвлөөч.
-Хүн бүхэнд хийж, бүтээх сэтгэл байдаг ч залхуурлавал амжилтад хүрэхгүй. Охид гоолиг болох сон гэж ярьдаг хэрнээ пүүз өмсөөд гүйх хүсэл алга. Спортоор хичээллэсэн болгон тамирчин болох албагүй. Харин спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлж, хандлагаа өөрчилснөөр зөв төлөвшинө. Өөртөө итгэлтэй хүн эргэн тойрноо өөдрөгөөр хардаг. Эрч хүчтэй амьдрах болгонд тань спорт багагүй нөлөөлдөг гэдгийг ойлгоорой. Энэ ташрамд, намайг үргэлж дэмждэг Монголын жиү жицүгийн холбооны хамт олон, дасгалжуулагч багш, баг тамирчид, гэр бүл, найз нөхөд, хамтран ажилладаг байгууллагынхандаа талархсанаа илэрхийлээд, ДАШТ-ээс хүртсэн алтан медальд минь та бүхний хөдөлмөр, итгэл найдвар, халуун сэтгэл шингэсэн шүү гэж хэлье.