Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Баянцагаан гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 11.58 цагт тус аймгийн Онцгой байдлын газар ирүүлжээ. Улмаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын тав, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 17, Хилийн 0146 болон 0184 дүгээр ангийн 18, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд зэрэг 150 гаруй хүн түймрийн талбайд очжээ. Тэд 21 автомашин, техник хэрэгсэлтэйгээр зургаан багт хуваагдан түймрийг унтраахаар ажилласан боловч одоо хэр нь цурманд оруулж чадаагүй байна.
Одоогоор дээрх багийнхан Талын агуй, Шилийн богд уулын баруун, Сиймхий-Ухаа толгой, Ачаатын болон Жаргалант уулын зүүн, Ханан сүүдэрт, Ац хар, Богдын-Эмээлт, Цайдам хөндий гэх газарт хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа гэнэ.