Хотын дарга оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, оршуулгын газруудыг ойжуулах, Далан даврын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, "Нью Семетри" ХХК нар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Далан давхарын оршуулгын газар нь нийт 70 га талбай бөгөөд эхний ээлжинд санамж бичгийн хүрээнд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Өмнө нь 2015 онд уг ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр хийхээр төлөвлөсөн ажил хэрэг болсон нь үгүй. Энэ удаа уг төслийг "Нью Семетри" ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийхээр ийнхүү санамж бичгийг байгуулаад байна.