Европын Холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын хөдөө аж ахуй, ойн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр боллоо. “Монголд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (STREAM ) төсөл нь байгаль орчны доройтол, хүнсний тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх зорилготой аж.
Европын Холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Траян Христеа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Даниел Пассон, НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Төслийн менежер Майкл Трокенброт нар хамтын ажиллагааны шинэ төсөл хэрэгжүүлэхээр олон талт түншлэлийн баримт бичигт өчигдөр гарын үсэг зурсан юм. Цаашид эл төслийн хүрээнд европын орнууд, НҮБ-ын ХХААБ-ын туршлагад тулгуурлан ой бүхий газрын менежментийг сайжруулж, тогтвортой газар тариалан эрхлэхийг дэмжих ажилд шинэлэг санаа, инновацийг хэрэгжүүлэн ажиллах юм байна.