Зэвсэгт хүчний Жанжин штабын Холбоо мэдээлэл, технологийн хэлтэс, Мэдээллийн аюулгүй байдлын алба, Хэвлэл мэдээллийн алба хамтран Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага болон нууц хадгалалт, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнуудад цахим сургалтыг зохион байгууллаа.
Мэдээллийн аюулгүй байдлын албаны мэргэжилтэн, дэд хурандаа Х.Батжаргал сургалтын эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдаад удаагүй байгаа Зэвсэгт хүчний Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын талаар мэдээлэл өгч, бие бүрэлдэхүүнээ мөрдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар ярилаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний мэдээллийн аюулгүй байдлыг хангахад цэргийн алба хаагчид ямар үүрэг хүлээсэн байдаг, нууцтай танилцах албан тушаалтан хэн хэн байх талаар дурдаж, нээлттэй, нийтэд нээлттэй мэдээллийн ялгааг тайлбарлав. Нээлттэй гэдэг нь зөвхөн тухайн байгууллагын дотоод мэдээлэл буюу гадагшаа задруулах шаардлагагүй мэдээлэл, нийтэд нээлттэй гэдэг нь олон нийтэд мэдээлэх боломжтой, мэдээлснээрээ ямар нэгэн хохиролгүй бөгөөд энэ нь сурталчилгааны чиглэлийнх байдаг гэлээ.
Үргэлжлүүлэн Холбоо мэдээлэл, технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа сүүлийн үед техник технологийн дэвшлийг ашиглаж, залуус сошиал орчинд идэвхтэй байх болсон. Зэвсэгт хүчний дийлэнх олонхийг залуучууд эзэлдэг учраас тэд ч ялгаагүй тодорхой цагуудыг сошиалд өнгөрөөж байгаа. Гэхдээ цэргийн алба хаагчид төрийн болон албаны нууц, анги байгууллагынхаа бүтэц, орон тоо, байрлал, байлдааны дугаартай зэвсэглэл, техникийн тухай мэдээллийг хувийнхаа сошиал хаяг дээр байрлуулахыг хатуу хориглоно. Хэрэв байрлуулбал хариуцлага хүлээлгэнэ. Мөн улс төрийн шинжтэй мэдээлэлд маш болгоомжтой хандаж байх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмаар цэргийн алба хаагчид байлдааны зэвсэглэлийн өмнө, анги, байгууллагын байрлалыг илэрхийлсэн эсвэл дүрмийн бус хувцасласнаас бусад тохиолдолд эмх цэгцтэй, цог золбоотой дүрэмт хувцастай гэрэл зургаа хувийнхаа цахим сүлжээнд байрлуулж болохоор тусгагдсан. Гэсэн ч дүрэмт хувцас өөрөө таны бүх мэдээллийг багтаадаг учраас үүнээс татгалзах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна гэлээ. Тэрээр Зэвсэгт хүчний бүх алба хаагчид төрийн болон улсын нууцын жагсаалттай танилцах хэрэгтэй гээд саяхан батлагдсан энэхүү журам нь хориглохоос илүүтэй хамгаалах чиглэлтэй гэж тодотголоо.