ҮҮХ ТҮҮХ
Хүн төрөлхтний мөрөөдлийг анх биелүүлэн сансарт “хөл” тавьсан анхны хүн Юрий Гагарин (1934-1968) 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Восток-1” (албан ёсны нэр нь “Восток 3KA-2”) хөлгөөр хөөрсөн. Дэлхийн тойрог замд байхад нь ТАСС агентлаг Ю.Гагариныг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлснийг өөрөө сонссон гэдэг. ЗХУ-ын удирдлага түүнийг дэлхийдээ эсэн мэнд эргэж ирэхгүй байх хэмээн ийнхүү нэвтрүүлэг бэлтгэсэн хэмээдэг. “Восток-1” хөлөг сансраас дэлхийн агаар мандалд эргэн орох үедээ 7000 метрийн өндөрт хүнээ суудалтай нь гаргаж, шүхрээр буулгах зарчимтай байснаас үүдэн эмгэнэлтэйгээр төгсөх магадлалтай гэж үзсэн хэрэг. Ийм эрсдэлтэй байсан хэдий ч Ю.Гагариныг эх дэлхийдээ эсэн мэнд ирэхийг эх орон нэгтнүүдээс нь гадна дэлхийн олон сая хүн хүсэн хүлээж, харуулдаж байлаа. ЗХУ-ын сансрын анхны нисэгч түүний хувь заяа хэрхсэнийг бид мэднэ.
Тэгвэл Зөвлөлтийн сансрын нисэгч Сергей Константинович Крикалёвыг эх дэлхийдээ эргэн ирэхийг харуулдсан хүн хэдэн саяар хэмжигдсэн, эсэх нь эргэлзээтэй. Харин түүнийг сансарт байгааг “мартсан” нь олон байсан болов уу. ЗХУ-ын түүхэнд хамгийн сүүлчийн нисэгч болсон тэрбээр 1988 онд анх удаа дэлхийн тойрог замд ажилласан бол хоёр дахь нислэг нь 1991 оны тавдугаар сарын 18-нд болжээ. Тухайн үед ЗСБНХУ-ын нутаг дэвсгэрт тооцогдож асан Байконурын сансрын буудлаас хөөргөсөн “Союз ТМ-12” хөлгийн инженер нь С.Крикалёв, багийн бусад гишүүн нь Зөвлөлтийн Анатолий Арцебарский, Английн Хелен Шарман нар байлаа. Дэлхийн тойрог замд “Мир” станцтай тавдугаар сарын 20-нд залгагдсан тус хөлгийн инженерээс бусад нь тодорхой хугацааны дараа үүргээ биелүүлээд эх газарт эргэн ирсэн юм. Харин С.Крикалёв станцад үлдэж, дараагийн ээлжийн багийнхантай ажиллаж байх хугацаанд ЗХУ задарснаар тэрбээр сансарт “мартагдсан” аж.
Өдгөө ОХУ-ын сансрын агентлаг “Роскосмос”-ын гүйцэтгэх захирал тэрбээр “Тэр үед улс эх оронд минь болж байгаа өөрчлөлтүүдийн талаар мэдэж байсан. Гэхдээ өөрчлөлтийн үр дүнд чухам юу болох талаар бүрэн дүүрэн үнэлж, дүгнэж чадаагүй байж магадгүй” хэмээн дурссан байдаг.
Улс задарч, “үймээнтэй” бужигнаж байсан учраас түүнийг дэлхийд буцаан авчрах боломжгүй байлаа. ЗХУ 1991 оны арванхоёрдугаар сарын 26-нд албан ёсоор оршин тогтнохоо больж, “Чамайг сансарт илгээсэн улс одоо байхгүй” хэмээн тайлбарлаж, Нислэгийг удирдах төвөөс түүнээс аль болох удаан тэсэхийг хүссэн гэдэг. Эл шалтгааны улмаас С.Крикалёвын хоёр дахь нислэгийн хугацаа 311 хоног үргэлжилжээ. Хэрэв хүсвэл “Мир” станцыг орхих боломж байсан ч тэрбээр эр зориг, тэсвэр тэвчээрийн үлгэрлэлийг харуулсан баатар юм.
Дэлхий дээр энэ хугацаанд асар олон зүйл өөрчлөгдөж, сансрын хөлөг хөөргөх ажлыг тусгаар тогтносон Казахстан улсын нутгаас хийх болов. Түүнчлэн сансрын хөлгийг хүлээн авах бүс нутаг, далайн асуудал зэргээс гадна С.Крикалёвыг дэлхийн тойрог зам дахь “Мир” станцаас эх дэлхийд нь авчрах санхүүг босгох том даваа байлаа. ОХУ энэ болон бусад шалтгааны улмаас “Мир” станцын зарим суудлыг худалдах саналыг олон улсад тавьжээ. Австри, Япон Улс суудал худалдан авлаа. Герман бүхээгийн инженерээ сансарт илгээхээр 24 сая ам.доллар төлсөн нь С.Крикалёвыг дэлхийд авчрах зардалд ихээхэн нэмэр болсон аж.
Ингээд 1992 оны гуравдугаар сарын 25-ны өдөр эсэн мэнд газардаж, буугч аппаратаас гарч ирэхдээ тэрбээр ЗХУ-ынхаа далбааг барьсан байлаа. Дэлхийгээс явахдаа ЗХУ-д харьяалагдаж байсан С.Крикалёв буцаж ирээд ОХУ-ын иргэн боллоо.
Ингэж сансарт нэг хэсэг “цөлөгдсөн” С.Крикалёв гурав дахь удаагаа сансарт нисэхдээ АНУ-ын сансрын “Дискавери” хөлгөөр явсан аж. Тодруулбал, тэрбээр НАСА-гийн хөлгөөр ниссэн ОХУ-ын анхны сансрын нисэгч болжээ. Уг нислэг 1994 онд найм хоног үргэлжилсэн бөгөөд 35 настай тэрбээр “Дискавери”-гийн хамгийн залуу гишүүн болсон аж. Хэдийгээр нас залуу ч сансарт ажилласан хугацаа нь 463 хоногоор тоологдож байлаа.
1958 онд төрсөн Сергей Константинович 2005 оны аравдугаар сараас 2015 оны зургадугаар сар хүртэл сансарт өнгөрүүлсэн нийт хугацааны дэлхийн дээд амжилтын эзэн юм. Сэтгэл судлалын ухааны доктор тэрбээр зургаан удаа ниссэн бөгөөд задгай сансарт 41.26 цаг ажиллажээ. Үүнээс гадна байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, “Цэвэр далай” олон улсын экологийн сангийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэдэг байна.
Бэлтгэсэн: Э.Хана