Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Доржготовтой ярилцлаа.
-Бага нас, нутаг усны тухай дурсамжаар яриагаа эхэлье. Төрсөн нутаг ус, нутгийн зон олон, удам судрынхаа тухай яриач.
-Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Нурамтын өвөлжөөнд төрсөн. Хожим ээжийн минь хуучилснаар удтал өвдөж, дуншсаар үүрийн цолмон гарах үед хаяа хатгасан гурван гэрийн гурван хайв тогоо сүүг өргүүлж, төрсөн гэдэг юм. Намайг төрсний дараа нагац ах В.Агваанзундуй маань гурван өртөө газар явж, Заг сумын Сүүл гэдэг ламаас миний нэрийг залсан гэдэг.
Би айлын хоёр дахь хүүхэд, анхны хүү. Өвөө, эмээ, нагац нартаа их эрх танхи өссөн. Миний эмээ Дуламжав гэж цайлган цагаан сэтгэлтэй, өглөгч, тусархуу хүн байлаа. Эмээгийн талд долоон үеийн бариач, удам залгасан ном, эрдэмтэй лам нар байсан юм билээ. Тэдний үргэлжлэл болж нагац ах Д.Товуусүрэн маань Гавьяат эмч болсон.
Миний нутаг бол Баянхонгорын хойд тал, Завханы Отгон, Архангайн Цахир, Хангай сумтай хиллэдэг сэрүүн сайхан хангай. Ард зон нь цэцэн цэлмэг, шооч наргианч, ажилсаг хичээнгүй. Алдартнууд олон төрсөн. 1924 онд анхны Үндсэн хууль батлалцсан Ардын хурлын 30 гишүүний нэг, ГЯЯ-ны дөрөв дэх сайд С.Гиваабалжир, Монгол Улсын хууль цаазын жинхэнэ зөвлөх, дэслэгч генерал Ж.Балжинням, яруу найрагч Г.Аюурзана гээд дурдаад байвал дуусахгүй.
-Таны үеийнхний хүмүүжиж, төлөвшиж, бие даасан үе шат, хамгийн хөгжилтэй, гэгээн дурсамж ихэнхдээ сумын сургууль, сургуулийн дотуур байртай холбогддог. Таны хувьд ямар замаар явав?
-Намайг дөрөвтэй байхад манайх аймгийн төвд шилжин суурьшсан. Би бага ангиасаа эхлээд сурлага сайтай, тэргүүний сурагч гэгдэж явлаа. Тэр үед гуравдугаар ангиас пионерт элсүүлдэг байв. Харин би хоёрдугаар ангид байхдаа өөр нэг онц сурлагатны хамт Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр хүндэт пионер болсон. Урд орой нь “Пионерын тангараг”-аа цээжлээд бөөн баяр хөөр болж байлаа.
Тавдугаар ангид байхдаа яруу найрагч Д.Халзан багшийн удирддаг “Үлгэрийн танхим”-д орж, үлээвэр хөгжмийн дугуйланд суралцан, урлагаар баахан явсан. Би монгол хэлний хичээлдээ илүү дур сонирхолтой. Өдгөө Ардын багшийн эрхэм алдар хүртсэн “Цагаан толгой”-н гэгддэг Лхаахүү багш маань анги дааж байсан юм. Хичээлийн бус цагаар намайг дуудаж, цээж бичгийн дасгалуудыг засуулж, туслуулна. Одоо бодоход хүүхдүүд нь бага, ачаалал ихтэй байснаас гадна намайг хөгжүүлэхэд анхаарсан холын ухаан байж. Давуу талаа ашиглаад ганц нэг алдсан бол өөрийнхийгөө засаад онц дүнгээ авна. Тэр үед цээж бичигтээ санамсаргүй алдаа гаргаж, сайн дүн авбал бараг долоо хоног харамсаж явдаг байсан санагдана.
Тэр үед Баянхонгорын хүүхдүүд жил бүр хувийн болон ангийн дүнгээрээ улсад тэргүүлдэг байв. Би есдүгээр ангиасаа эхлэн монгол хэл, бичгийн улсын олимпиадад өөрийгөө бэлтгэсэн. Аравдугаар ангид байхад Хүрэлсамбуу багшийн удирдлагад олимпиадад бэлтгэн, оролцож, аймгаасаа нэгдүгээр байраар шалгаран, улсын олимпиадад оролцох эрх авч байлаа.
-Та гадаадад сургууль төгссөн, дипломатч хүн юм билээ. Мэргэжлээ сонгосон, их сургуульд орсон түүхээсээ хуваалцаач. Яруу найраг сонирхдог хүү дипломат албатай хэрхэн холбогдсон бэ?
-Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн хэл бичгийн факультетэд элсэн, өнөөгийн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, яруу найрагч С.Дулам багшийн ангид хуваарилагдсан. Багаасаа шүлэг, яруу найрагт дуртай болохоороо С.Дулам багшийн дугуйланд орно хэмээн олзуурхаж явтал МУИС-ийн декан дууддаг юм байна. Өрөөнд нь ортол деканы хажууд ахимаг насны намхан, цэмбэгэр хүн сууж байна. Надаас юу сонирхдог гэх мэтийн хэдэн зүйл лавлалаа. Шүлэг найраг сонирхон бичдэг, “Пионерын үнэн” сонинд шүлгээ хэвлүүлсэн. “Залгамжлагч” сэтгүүлд ч гарсан тухайгаа хэллээ. “Энэ нөхрийн хувийн хэргийг авъя” гэж нөгөө хүн хэлсэн санагдана.
Тэр хүн ГЯЯ-ны Боловсон хүчний хэлтсийн дарга “чех” Нямаа гуай байсныг хожим мэдсэн. Чехэд сургууль төгссөн, чех хэлтэй болохоор нь манайхан тэгж дууддаг байсан юм. Анхны уулзалтаас хойш нэг сар орчим үе үе ГЯЯ-нд дуудагддаг болов. Намрын ногоо хураалтаар манай курсийнхэн Баянзүрхийн ногооны талбайд ажиллаж байтал ГЯЯ-ны коллегийн хурлаар ор гэж хотоос дуудлаа. Дээд курсийн болон манай курсийн арваад хүүхэд тэр хурлаар орсон юм.
Ээлжээ хүлээж байгаад ороход М.Дүгэрсүрэн сайд, газар, хэлтсийн дарга нар гээд сүрдмээр олон хүн сууж байв. Тэд “НҮБ гэж сонссон уу. Энэ талаар юу мэдэх вэ” гэх мэтийн зүйл асуулаа. Аравдугаар ангид орсон намар НҮБ-ын 37 дугаар чуулган болж, манай түүхийн багш биднээр тухайн үеийн “Үнэн” сонины тэргүүн нүүрээс чуулганы тухай материалыг товчлон бичүүлж, ангийнханд яриулсан юм. Би түүхийн хичээлд бас сонирхолтой, нэлээд хэнхэгдүү байсан учраас багшийн даалгаврыг сайн хийсэн нь толгойд үлдэж. Түүний буянаар дарга нарын асуултад “НҮБ-ын чуулган жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк хотод эхэлдэг. Өнгөрсөн 37 дугаар чуулганаар зэвсэг хураах гэх мэтийн асуудлуудыг хэлэлцсэн” гээд л торох юмгүй дуржигнууллаа. Дарга нар нэмж амьдрал ахуй, хэн хэнтэйгээ амьдардаг, юу сонирхдог гэхчлэн аар саар зүйл асуугаад гаргасан. Ингэж Хоёр орны хоорондын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу ГЯЯ-ны нэр дээр БНСВУ-ын нийслэл Ханой хотын их сургуульд суралцахаар болсон юм.
-Оюутан ахуй цаг, ажил хөдөлмөрийн он жилүүд хэрхэн өнгөрөв?
-Сургуулиа амжилттай дүүргэж, ГЯЯ-ны Азийн хэлтэст Монгол, Вьетнамын харилцааны асуудал эрхэлсэн дэд атташе, атташе, гуравдугаар нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байлаа. Мөн Ханой дахь ЭСЯ-нд соёл, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга, мөн тодорхой хугацаанд Монгол Улсын хэргийг түр хамаарагчаар ажилласан. 1990-ээд оны дунд үе хүртэл ажиллахдаа хоёр талын өндөр, дээд хэмжээний айлчлалын бэлтгэлийг хангах, хэлмэрчлэх ажилд гар бие оролцож явлаа.
Тухайн үеийн шаардлага нэн өндөр байсан учир би баримт бичиг боловсруулах, харилцааны нарийн төвөгтэй ажлыг шуурхай зохион байгуулах дадлага туршлага эзэмшиж, их зүйлийг ажлын шаардлагаар сурч мэдсэн.
-Багаасаа яруу найрагт дурласан талаараа дээр цухас дурдсан. Толгой, сүүл холбож эхэлсэн үе хэзээ вэ?
-Би бүр бага ангид байхаасаа л нэрт найрагчдын шүлгийг өөрийнхөө хэмжээнд яруу уншиж, урлагийн арга хэмжээнд оролцдог байсан. Тэгж яваад өөрөө бичдэг болж, түүнийгээ Д.Халзан багшдаа үзүүлэн, магтаал сонсож, урам авч байлаа. Хэдэн шүлгээ бариад, хичээл тарсны дараа Д.Халзан багшдаа их гэрэвшингүй өгч байснаа тод санадаг.
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн номууд надад маш их нөлөөлсөн. “Шүлгийн чуулбар” эмхэтгэл нь миний ширээний ном байлаа. Яаж ингэж сэтгэж, уран яруу бичиж чаддаг байна аа гэж гайхан биширч, шимтэн уншина. Ихэнх шүлгийг нь цээжээр хэлнэ.
-Д.Пүрэвдорж агсан ном, бүтээлээрээ таны багш гэж болох нь. Зохиолч, яруу найрагчдаас хадаг барьж, багш, шавийн холбоо тогтоосон хүн байдаг уу?
-Миний хадаг барьсан багш бол агуу их Б.Лхагвасүрэн. 1990-ээд оны эхэн үед, дипломат албанд байхдаа л бичсэн шүлгээ хааяахан үзүүлээд явдаг байсан. Яг үнэндээ Б.Лхагвасүрэн ах л анхныхаа номыг гаргахыг шавдуулж, зориг өгч, аргадах, зэмлэхийг хослуулсан их ачтан. Хүүхэлдэйн театрын дарга байхдаа “Чи тэр номоо гаргаж ир. Чамаас дор хүмүүс гаргаад байна” гэж өрөөнөөсөө хөөх шахам гаргаж байлаа. Тэгээд анхны номыг минь ариутган шүүж, дараа нь МЗЭ-д элсэхэд батламж дэмийн бичиг үйлдэж өгч билээ. Хамгийн сүүлд цасан хялмаалсан нэгэн өдөр өөрийнх нь гаргасан “Хүнд манан” номыг гэрт нь очиж гардсан юм. Тэр номд:
“Дэлхийг сэрдхийлгэсэн
Дэндүү найрагч яваарай
Гайхамшгийг хэчнээн бүтээлээ ч
Газрын татах хүчиндээ байгаарай
Хайртай дүү минь
Хадаг барьсан шавь минь” хэмээн бичиж өгч билээ.
-Таныг нутаг амьтай найрагч гэдэг?
-Би нутагтаа дэндүү хайртай. Ихэнх бүтээлээ Баянхонгор аймгийнхаа ариун дагшин уул, ус, ард зоноо магтан дуулахад зориулж явна. Нутагтаа зориулан хоёр дуун цомог, гурван магтуу, нутгаас төрсөн гэгээнтнүүддээ зориулсан гурван залбирал магтаал туурвисан. Дууны уран бүтээлээ одоогоор тоолоогүй байна.
Ламын гэгээний 375 жилийн ойн баярын цэнгүүнд миний зургаан бүтээл эгшиглэж, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу “Үндсэндээ таны тайлан тоглолт болчихлоо шүү” гэж билээ. Нутагтаа зориулсан бүтээлүүдээ нутгийнхаа залуусаар дуулуулдаг. Тэд даншиг наадамдаа ая дуугаа өргөхдөө урын сангаасаа шилж сонгосон нь миний дуу болж таарч.
-Гэгээнтнүүдэд зориулсан туурвил тань содон сонсогддог. Багагүй эрэл хайгуул, судалгаа хийдэг болов уу?
-Ламын гэгээний найман дүрд зориулсан “Ламын гэгээний магтаал”, есдүгээр Гачэн Чогбрүл Ренбүчи гэгээнтний залбирал магтаал, баримтат уран сайхны кино, Номч мэргэн хамба, гүн ухаантан Данзанчоймзад ламтны магтаал зэргийг туурвисан. Гэгээнтэн, мэргэдийн талаар бичихэд түүхэн эх сурвалжийг сайтар нягтлан судлах, бодит баримтыг ягштал баримтлах, урлах эрдмийг гойд анхаарах зэрэг нарийн чимхлүүр ажил ихтэй. Тэдний эрдэм чадал, бүтээл туурвил, шид увдисыг хүртэл бүрэн дүүрэн, яруу тод харуулах учиртай. Ер нь монгол төрийн болон шашны үг хэллэг есөн нууц утгын түлхүүртэй байсан юм билээ. Манай Галуут сумын Я.Цэвэл гуайн зохиосон монгол хэлний толь бичиг анх 30 мянган үгтэй байсан. Гэтэл үзэл суртлын үед хар, шар феодал нэрийн дор шашны үг хэллэг их орсон гэж үзээд ихэнхийг нь хассан түүхтэй. Энэ бол үнэндээ “үгийн цааз”, үзэл суртлын ярга байж. Би уламжлалт шашнаа ихэд дээдлэн биширдэг. Мөн хүйн холбоотой нутгаа шүтдэг.
-Яруу найрагчид их омголон, дэврүүн хүмүүс байдаг. Гэтэл дипломатчид тийм биш. Харин та ямар хүн бэ?
-Омогших, огших мэдрэмж байлгүй яах вэ. Гэхдээ гадагш нь гаргаад байдаггүй, номхон хүн шүү дээ, би. Ийм байхаар хүмүүс дээрэлхэх янзтай байдаг юм (инээв). Миний омогшил бол дотогшоо, сэтгэлийн гүн рүүгээ байдаг. Надад:
…Дотогшоо яргаж ургасан багын зөн
Гадагшаа сөргөж, омогшихыг огоорч
Насжих тусам ухааны охь нэрсэн
Найрагч байхын хувь тохиолд хөтөлж дээ… гэсэн мөрүүд бий.
-Та Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээд удаагүй байна. Шагнал хүртэж буйгаа хэрхэн мэдэв. Тэр мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан надтай утсаар ярьж, баяр хүргэсэн. Энэ маш гэнэтийн мэдээ байсан учраас эхэндээ ч итгэхэд бэрх санагдсан. Сүүлд нь бас тодотгож мэдээлсэн. Яагаад ч юм надад тийм их догдлол, сэтгэл хөдлөл байгаагүй. Харин “Алдар, гавьяатай олон хүн авч амжаагүй байхад…” гэсэн бодол төрж, яс хавталзаад, байж суухад жаахан төвөгтэй л юм билээ. Төр төмбөгөр болохоор байгаа хувцсаа жаахан арчиж, тордон өмсөж очоод л шагналаа авсан. Одоо л жаахан дасах шинжтэй болж байна. Би огт бодоогүй шагнал юм шүү.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн тань талаарх асуултаар ярилцлагаа өндөрлөе. Уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?
-Мэдээж намайг илүү их бүтээл хийгээрэй гэж, нэг ёсондоо ирээдүйд хийх бүтээлд маань олгосон шагнал гэж бодоод байгаа. Тэгэхлээр энэ алдар цолдоо эзэн болсон нөхөр байх шаардлага байна, тийм үү? Өөртөө ташуур өгөөд л сууна. “Богдын гол мину” гэж нэг сайхан дууг нэрт хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан ахтайгаа хамтарч хийлээ. Нутгийн залуу уран бүтээлч дүү нартаа гурван ч дуу туурвиж өглөө. Удахгүй ар араасаа эгшиглэх байх аа. Очирваань хайрхны бас нэг шинэ бүтээл дуншиж байгаа. Бас л Д.Цэвээнравдан ах ая жигүүрлүүлэх байх. Энэ эрхэм цолыг авснаас хойш лав 10-аад дуу гарлаа. Дуу хөлсдөг тул бас хамаагүй зарламааргүй байна.