ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний 2018 онд хийсэн “Экосистемийн үйлчилгээнд Туул голын усны чанарын өөрчлөлт нөлөөлөх нь” судалгаанд “Усан орчны экосистемийн бохирдол саяхан бий болсон зүйл биш ч бохирдуулагч бодисын төрөл жилээс жилд нэмэгдэж, цар хүрээ нь улам тэлж байна. Экосистемийн өөрийгөө цэвэршүүлэх чадвартай холбоотойгоор зарим органик нэгдэл усан орчинд задарч, хөнөөлгүй болдог. Энэ чадвар тодорхой хязгаартай бөгөөд бохирдлын хэмжээ давсан тохиолдолд ноцтой үр дагавар гарна. Иймд сав газрын байгалийн тэнцвэрийг хадгалах, тухайн бүсийн төлөв байдлыг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, зөв зохистой ашиглалтыг бий болгох нь чухал” гэж дурджээ. Дэлхийн банкнаас өнгөрсөн жил танилцуулсан “Туул голын эхийн экосистемийн эдийн засгийн үнэ цэн” тайланд “Тус голын эхэнд хүний үйл ажиллагаа (аялал жуулчлал) тасралтгүй эрчимжиж буй төдийгүй тухайн орчны газрыг өөрчилж, байгалийн унаган төрх, экосистемд олон төрлийн ачаалал, дарамт учруулж байна.
Улаанбаатар хотын өнөөгийн ба ирээдүйн ус хангамжийн бүх хувилбар Туулаас бүрэн хамаарах тул голын эхийг даруй хамгаалах, түүнчлэн дунд, доод хэсгийн төвлөрлийг тогтвортой байлгах шаардлагатай” хэмээн сэрэмжлүүлснийг нийслэлийн Засаг дарга болон түүний багийнханд онцгойлон сануулъя. Учир нь тэд Туул голын эргийг тохижуулахаар төлөвлөжээ.
Голын эрэг дагуух 15 байршил бүхий 27 км газарт тохижилт хийх болсныг хотын дарга хэд хоногийн өмнө мэдэгдэв. Иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргаснаа тэрбээр онцлоод, холбогдох албаныхныг яаравчлах, богино хугацаанд үр бүтээлтэй ажиллахыг үүрэгджээ. 15 байршилд гүйцэтгэх тохижилтоос 11-ийнх нь ажлын, тавынх нь зургийн даалгаврыг баталсан гэнэ. Нэгийнх нь ажлыг эхлүүлжээ. Товчхондоо бол эл ажил барианаасаа хэдийн хөдөлсөн гэсэн үг. Хотын мээр “Аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон зарим газрын зөвшөөрлийг цуцалж, тохижилтын бүсийг өргөжүүлсэн. Цаашид газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ. Стандартад нийцсэн амралт, зугаалгын бүс хотод дутагдалтай” хэмээн онцолсон нь иргэдээс сайшаал хүртэв. Гэвч үүнээс олон хүн нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болох вий хэмээн болгоомжилж байна. Учир нь Туул бол улаанбаатарчуудын ундны усны гол эх үүсвэр, экосистемийн “гагнаас” болсон чухал орчин. Горхи, Тэрэлж, Хан Хэнтийн нуруунаас эхлээд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дарамтад өртөж, бохирдол, доройтолд алгуурхнаар эзлэгдэж буй экосистем. Тиймээс нийслэлчүүд Туул аа “харамлаж” байна. Амарч зугаалах, аятай тухтай орчин тэдэнд чухал ч уух ус руугаа “нулимах” вий гэж сэрэмжилж эхэллээ.
Нөгөөтээгүүр, ингэж болгоомжлох хангалттай шалтгаан, “жишгийг” Монголын төр өнгөрсөн хугацаанд бий болгосон. Төлөвлөлтгүй, тооцоо судалгаагүй, нүд хуурсан бүтээн байгуулалт хот, хөдөөгөөр дүүрэн. Гял цал болсон зураг төсөл, төлөвлөлтийн зураг үзүүлэн, гадаадын жишиг, стандарт танилцуулдаг ч түүнийгээ хөрсөнд буулгаж чадаагүй нь олон. Төв талбайн усан оргилуур, Арслантай гүүрний усан хөшиг гээд дурдвал өчнөөн. Төсөв санхүүгийн гачигдлын улмаас ажил хэрэг бололгүй замынхаа дундаас замхарсан, засаг солигдох тоолонд үгүйсгэгдэж, гацсан төсөл, хөтөлбөр цөөнгүй. Үүний бодитой жишээ нь Сэлбэ гол. Тус голыг амралт, зугаалгын бүс болгож тохижуулах, урсцыг нь сайжруулж, орчныг нь хамгаалах зорилготой төслийг төр, хувийн хэвшлийн олон байгууллага өнгөрсөн хугацаанд санаачилсан. Заримыг нь хэрэгжүүлсэн, туршсан. Тохижилтын ажлын төлөвлөгөө, төсөл гэж нүд булаам сайхан зураг, загвар танилцуулдаг байв. Гэвч өдгөө Сэлбэ амьтай голтой буй. Эрэг нь битүү хогтой, эвдэрч, зэвэрсэн хэдэн саравч, сандалтай л үлджээ. Амралт, зугаалгын бүс гэхээсээ илүү архидан согтуурдаг, хог хаягдлаа овоолдог газар болжээ. Хотын төвд, олны нүдэнд ил Сэлбэ ийм болсон байхад зун, намарт зугаалагчдын хөлд дарагддаг, анхаарал, хяналтаас хол Туул ирээдүйд түүнээс ч дор нөхцөлд хүрч болзошгүй, амралтын бүс байгуулснаар дарамт учруулахаас нэмэргүй гэж иргэд ихэд хаширлаж буй.
Эрэг дагуух тохижилтыг олон улсын жишиг, стандартын дагуу хийнэ хэмээн нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц. Тулга онцолсон байна билээ. Иргэдийн аюулгүй байдлыг чухалчлан үер уснаас хол байршил бүхий газруудыг сонгосон гэж дурдсан. Тэгвэл олон улсын жишиг гэж чухам юуг хэлэв, төсөл хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ гэсэн асуултыг тус газрын архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөрөөс асуухад “Тодорхой мэдээлэл алга. Ямартай ч ажлын болон нарийвчилсан зураг төслүүдийг холбогдох байгууллага, хүмүүст танилцуулсан. Баянзүрхийн гүүрээс ажлаа эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Эхний ээлжид таван байршилд тохижилт хийнэ. Нэгийнх нь ажил эхэлсэн, үлдсэн дөрвийнх нь зургийн даалгаврыг мэргэжлийн зөвлөлд танилцуулж, БХБЯ руу илгээсэн. Гүйцэтгэгч компанийг ирэх сарын 1-нээс хууль, журмын дагуу шалгаруулна” гэв.
Голын экосистем, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хэрхэн судалж, үнэлсэн талаар түүнээс лавлахад “Усны сав газарт гадаргын ус хурах, газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх, тархалтын талбайг хамарсан орон зай гэсэн гурван мужлал байдаг. Эдгээр нь тус бүр хамгаалалтын горимтой. Тохижуулах цэгээ сонгохдоо үүнтэй холбогдох хуулийг баримталсан. Ариун цэврийн байгууламжийг экологид ээлтэйгээр шийднэ. Ажил бүрэн дуусаагүй үед иргэд тухайн цэгт бохирдол үүсгэхийг үгүйсгэхгүй. Харин тохижуулж дууссаны дараа ийм асуудал үүсэхгүй. Нэгдүгээрт, хяналтыг сайжруулна. Хоёрдугаарт, иргэдийн хандлага өөрчлөгдөнө гэж итгэж байна. Энэхүү төсөлтэй холбоотойгоор БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг томилсон. Үүнд багтсан мэргэжилтнүүд экологи, геологи, геодезийн цогц судалгаа, мэдээлэлд үндэслэн төлөвлөлт, гүйцэтгэлийг удирдана” хэмээв.
Голын эрэг, усны ай сав бүхий газарт тохижилт, бүтээн байгуулалт хийхдээ юуг анхаарах ёстой, олон улсад ямар хууль, жишиг үйлчилдэг талаар Монголын хот төлөвлөгчдийн нэгдсэн холбооны гишүүдээс асуув. Олонх нь “Усны тухай хууль, Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулах нь зүйтэй” гэдэг санал хэлэв. Зарим нь “Барилгын үйл ажиллагааг технологи, горимын дагуу хийдэггүй манайх шиг орон гол устай ойр газруудаа “тайван орхисон” нь дээр” гэсэн зөвлөгөөг өглөө.
Японд архитектороор ажилладаг М.Төмөрсүх “Тухайн газрын экосистемийг хөндөлгүй, байгалийн төрхийг нь өөрчлөхгүй барилга, дэд бүтцийн ажил хийх боломжгүй. Харин сөрөг нөлөө, эрсдэлийг нь бага байлгах боломжийг эрэлхийлж, тооцоолсны үндсэн дээр төлөвлөлт хийдэг. Ялангуяа гол, нуурын эрэг орчим бол их эмзэг тогтолцоо. Тиймээс олон улсад байгалийн даац гэдэг шалгуурыг чухалчилдаг. Голын эрэг, голдирлоос хэдэн метр зайд барилга, байгууламж барих, тэр нь хэчнээн хүний багтаамжтай байх вэ гэдгийг шинжлэх ухаанч тооцоо, судалгаанд тулгуурлан төлөвлөдөг. Монголд ийм жишиг байхгүй. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага судлаачдын дүгнэлтэд үндэслэн ажлаа төлөвлөх бус, өөрсдийнхөө ажилд нийцүүлсэн үнэлгээ хийлгүүлэхийг хичээдэг” хэмээсэн бол барилгын инженер Н.Цолмон “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанд бус, хот төлөвлөлтөд ч чухал үүрэгтэй. Recreaction area буюу амралт, зугаалгын бүс нь хүн чиглэлт үйл ажиллагаатай тул орчны доройтолд өртөж, бохирдох нь элбэг. Туул гол дагуу ийм ажил хийх бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг олон улсын байгууллагад даатгах нь зүйтэй. Манайд ажиглагддаг нь, хэдэн жилийн өмнөх судалгаа, эсвэл нэг форум, зөвлөгөөний тайланг зураг төсөлтэй хавсаргадаг. Энэ маш буруу. Одоогийн Улаанбаатар бол төлөвлөлтгүй, байгаль орчны үнэлгээ, тооцоололгүй ажлуудын үр дүн” гэв.
Тухайн ажлыг хариуцсан албаны дарга нь “Тодорхой мэдээлэл алга” гэж мэлзээд, өөрсдийн “тогтоосон” олон улсын стандартын талаар “барьцтай” зүйл нэгийг ч хэлсэнгүй. Харин жирийн иргэдээс эхлээд мэргэжлийн архитектор, барилгын инженерүүд үнэтэй санал, зөвлөгөөг тэдэнд ийнхүү дайлаа. Туулын эргийг туршилтын золиос болгохгүйн тулд хуумгай хөдөлж, хариуцлага алдах эрхгүйг хотын даргад анхаарууллаа.