Дугуйгаар хичээллэж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн, Сүхбаатар аймгийн Баруун урт сумын III cургуулийн 12а ангийн сурагч Э.Жавхланбат “Шилийн богд” клубээр овоглодог. Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүүгийн нэрэмжит уулын дугуйн УАШТ-ийг “Sky resort” цанын баазад өнгөрсөн намар зохион байгуулахад 28 багийн 182 тамирчнаас 17-18 насны ангилалд тэрбээр түрүүлсэн юм.Үүнээс өмнө өсвөр үеийнхний засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 онд болоход мөн л хоёр ангилалд тэргүүлэн алтан медаль хүртэж байв. Дасгалжуулагч С.Төмөрхуягийн удирдлагад бэлтгэл хийж, хурд сорьсон цагаасаа аваргын цом гардаж,“Шилдэг тамирчин”-аар гурван удаа шалгарсан түүнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн жил зохион байгуулсан олон тэмцээнд түрүүллээ. (Улаанбаатар хотын аварга шалгаруулах, өсвөр үе, залуучууд, засмал зам, уулын дугуйн УАШТ) Ойр ойрхон болсон уралдаанд амжилт гаргахад юу нөлөөлөв?
-Би аймгаа төлөөлөн олон тэмцээнд оролцсон. Үүнд аваргаар шалгарахад дасгалжуулагч багшийн минь бэлтгэл хийлгэдэг арга барил, уралдаанд боловсруулсан тактик их хэрэг болсон. Дугуйн спортод амжилт гаргахад бэлтгэл хийх орчин нөхцөл, техник, хэрэгсэл чанартай байх нь хамгийн чухал. Ур чадвартай ч техник, хэрэгсэл муу бол энэ тухай ярих хэцүү. Шавийн амжилт багшаас гэдэг үг бий. Сүхбаатар аймгаас шилдэг дугуйчид төрж байгаа нь тамирчдаа хэрхэн бэлтгэх дасгалжуулагчийн ухаан, туршлага, ур чадвараас ихээхэн хамаардаг. Миний хувьд нутгаасаа төрсөн үе үеийн шилдэг дугуйн тамирчдынхаа залгамж болж, амжилтыг нь үргэлжлүүлж яваадаа баярладаг.
-Дугуйчид анхны тэмцээнээсээ туршлага хуримтлуулж, хэр авьяас, ур чадвартайгаа уралдааны замаас олж хардаг гэдэг.
-Үеэл ах Б.Ханхүү минь дугуйгаар хичээллэхийг надад анх санал болгож, өөрөө дасгалжуулан бэлтгэл хийлгэдэг байлаа. Улаанбаатар хотод 2017 онд болсон “Өвлийн тэргүүн” шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, дэд байрт шалгарсан. Тэр үед туршлагатай тамирчидтай өрсөлдсөн болохоор эхэндээ эмээж, сандарсан ч амжилтаасаа урам авсан. Тэдний ур чадвараас давна гэдэг маш их хүчээл зүтгэл, тэвчээр шаардсан. Хүчтэй өрсөлдөгчдөө ардаа орхиж, амжилтын гараагаа мөнгөн медалиар эхлүүлсэн баярт мөч дурсамж болон үлджээ. Өнгөрсөн он жилүүдэд өөрийгөө дайчилж, хурцлахад өрсөлдөгчид минь том хөшүүрэг болсон.
-Багш тань гараанаас гарахын өмнө юу гэж зөвлөдөг вэ?
-Тэмцээн эхлэхээс гурван цагийн өмнө хоол ундаа тохируулан, биеэ амрааж байхыг зөвлөж, уралдааны өмнөх өдөр хэрхэн бэлтгэл хийж, бие, сэтгэл зүйгээ бэлдэх талаар хэлж, ойлгуулдаг.
-Хүүгээ түрүүлээд ирэхэд аав, ээж тань урам хайрлаж угтсан удаа олон биз?
-Намайг дугуйтай нөхөрлөсөн цагаас манайхан ойлгох болсон. Тэднээс минь Э.Батчулуун ах байнга тусалж дэмждэг. Тэрбээр хүүхэд байхаасаа энэ спортод дуртай байсан гэдэг. Монгол орноо хойноос нь урд цэг хүртэл дугуйгаар аялсан. Аав, ээж уралдах болгонд минь догдолж хүлээнэ, гараанаас гарахын өмнө сүү өргөж залбирдаг. Медаль хүртчихээд ирэхдээ тэднийхээ баярлаж угтахыг харах хамгийн сайхан.
-Өөрийг тань уулын дугуйн уралдаанд гаргууд гэж сонссон. Бусад төрлөөсөө юугаараа ялгаатай вэ?
-Миний уралдах хамгийн дуртай төрөл бол уулын дугуй. Богино зайд маш их тэсрэлт, ур чадвар гаргадаг. Энэ төрөлд хурд сорьдог тамирчид тэсвэртэй, хурдан шаламгай, овсгоо самбаатайгаас гадна жин бага байх ёстой. Тэмцээний товлосон хугацаа дөхөх тусам сэтгэл догдолж, тогтворгүй болдог тал бий. Амжилттай уралдахын тулд элдэв зүйл бодохгүй тайван байхыг хичээдэг. Би яг тийм үедээ дуу, хөгжим сонсдог юм.
-Багш тань нутгаасаа дэлхийн аварга тамирчин дахиж төрүүлэхээр хичээн ажиллаж байгаа гэсэн.
-Аймгаасаа дэлхийн аварга тамирчныг төрүүлсэн багшаараа их бахархдаг. Дугуйгаар хичээллэсэн анхны өдөр өөртөө “Б.Тэгшбаяр ах шиг амжилт гаргана” гэсэн зорилго тавьсан. Ази тивийн дугуйчдаас томоохон амжилт гаргасан түүн шиг тамирчин одоогоор байхгүй. Арвин туршлага хуримтлуулсан түүний тууштай байдал, тэвчээр хатуужлаас суралцдаг. Тэрбээр энэ чанаруудыг өөрийн давуу тал болгож, амжилтаас атгасан. Надад “Ингэж уралд, тэгж бэлтгэл хий” гэж харамгүй заадаг юм. Багш бид гуравт уралдааны талаар зөвлөлдөж ярилцах зүйл их байдаг. Түүнийг амжилт гаргаснаас хойш нутгийн минь хүүхэд, залуус дугуйгаар хичээллэх сонирхолтой болсон шүү.
-С.Төмөрхуяг дасгалжуулагч Б.Тэгшбаярын уралдсан трак буюу ханан тойргийн дугуйн уралдаанд таныг сойхоор бэлтгэж байгаа гэв үү?
-Тийм ээ, багш надад их итгэдэг, тиймээс хичээх ёстой. Сайн тамирчин болох амаргүй. Тиймээс бодож байгаагаасаа ч илүү саад бэрхшээлүүдийг даван туулах байх. Хичээл, зүтгэл байхад нутаг, багшийнхаа нэрийг хэзээ нэгэн цагт гаргана гэж боддог.
-“Шилийн богд” клубийн тамирчид нэгдсэн бэлтгэлд гарсныхаа дараа засмал, уулын замын уралдаанд оролцохдоо хотын дугуйчдыг ардаа орхиж харагддаг. Үүнд нэг учир байх шиг ээ.
-Бидэнд хотын дугуйчдаас гойд ялгарах зүйл байхгүй л дээ. Гэхдээ дасгалжуулагч багийнхаа тамирчдыг ямар арга барилаар бэлтгэл хийлгэснээс хамаарч уралдааны түрүү шийдэгддэг. Би 2017 оноос “Шилийн богд” клубийн тамирчнаар уралдах болсон. Манай клуб томоохон тэмцээний өмнө цугларалтад гарч 14 хоног нэгдсэн бэлтгэл хийдэг уламжлалтай. Тамирчид хэдийгээр уралдааны замд ана мана өрсөлддөг ч дугуйнаасаа буугаад сайхан нөхөрлөдөг юм шүү дээ.
-Та “Шилдэг тамирчин”-ы шагналыг нэг бус удаа хүртсэн санагдах юм.
-Аймгийнхаа “Шилдэг тамирчин”-аар гурав, засмал, уулын дугуйн төрөлд “Оны шилдэг дугуйчин”-аар тус бүр нэг удаа шалгарсан. Би амжилт гаргах бүртээ багш, гэр бүл, нагац ах Наранхүүдээ “баярлалаа” гэж хэлдэг. Энэ ташрамд, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын III сургуулийн удирдлага, анги удирдсан багш, 12а бүлгийн хамт олондоо талархсанаа илэрхийлье.
-Шантарч, халшрахад тань хэн зоригжуулж, урагшлуулав?
-Тамирчин хүн амжилт үргэлж гаргана гэж байдаггүй юм. Надад ч гэсэн бэрхшээлийн өмнө бууж өгөх үе гардаг. Саадтай тулах тусам ирээдүйгээ сайхнаар төсөөлж, зорилгодоо хүрэхийн тулд хичээх ёстойг илүү ойлгодог. Халшрах, ядрахыг зүгээр л түр зуурын асуудал гэж бодож өөрийгөө дайчилж ирсэн. Дугуйн спортод үлдэх үү, болих уу гэсэн хүндхэн сонголттой тулгарахад ах минь сэтгэлийн дэм өгч, зоригжуулан цааш хичээллэхэд тус болсон доо.
-Хамгийн их зорьж байгаа зүйл тань юу вэ?
-Би залуу байна, хөдөлмөрлөх цаг хугацаа өмнө минь бийг хараад өөдрөг бодол төрдөг. Дэлхийн аварга болсон ахынхаа гаргасан амжилтыг дахин бататгаж, Монголд шилдэг дугуйчид байдаг юм шүү гэдгийг олон улсад харуулахыг маш их хүсдэг. Зорилгодоо тууштай байвал мөрөөдлийнхөө замыг амжилтаар гэрэлтүүлнэ гэж боддог.
-Дугуйн спортын гайхамшгийг өдөр бүр мэдэрдэг үү?
-Дугуй тухайн тамирчнаас бие, сэтгэлийн хаттай байхыг хамгийн түрүүнд шаарддаг. Хэцүү санагдсан үедээ хүнийг зорилготой болгож, эрч хүч өгч, эрүүл, урт наслах амьдрал хайрладаг энэ спортын давуу талаар нь бахархдаг.
-Үеийнхэндээ өөдрөг үгээр урам хайрлаач. Тэдэнд энэ спортод хөл тавих сонголт хийхэд өөрийн тань зөвлөгөө хэрэг болох ч юм бил үү?
-Би олон зүйл нуршихгүй. Дугуйн спортоор хичээллэх сонирхолдоо хөтлөгдөж яваа залууст хэлэхэд, өмнөхөө сайн хийж, өөртөө зорилго тавиад ажлаад үз. Энэ бүхнийг бодож явахад амжилт алхам алхмаар ойртсон байдаг юм.