Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан мэдээлэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах, шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд гаргаж, холбогдох судалгаа, тооцооллыг хийх үүргийг Одон орон геофизикийн хүрээлэнгийнхэнд даалгасан билээ. УОК-ын V өргөтгөсөн хуралдааны хүрээнд гаргасан тус шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, Шадар сайд Одон орон геофизикийн хүрээлэнд ажиллаж, газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй чичирхийллийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилтын үр дүнтэй танилцлаа.
Дээрх шийдвэрийн дагуу газрын чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Одоогоор Дорнод аймгийн Халх гол, Матад сумд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, бүртгэх, урьдчилан зарлан мэдээлэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Мөн газар хөдлөлтийн зарлан мэдээлэх төвийн цагийн серверийн үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.