Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ жил бүх нийтийн мод тарих өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар БОАЖЯ, нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 100 хороотой хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Мөн мод тарих өдрийг тохиолдуулан “Тарьц, суулгац” үзэсгэлэнг анх удаа цахимаар зохион байгуулах бөгөөд “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас санаачилжээ. Цахим үзэсгэлэнгийн үеэр мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгж, байгууллагын мод үржүүлгийн газарт бэлтгэсэн 33 зүйлийн тарьц, суулгацыг борлуулах гэнэ. Эл үзэсгэлэнг өнөөдөр нээсэн бөгөөд тарьц, суулгацын тоо, хэмжээ, үнэ, хаяг, байршил зэргийг мэдээлжээ.