1965 онд ард түмний хандиваар байгуулсан Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас хувийн хэвшлийнхэн хумсалсаар тун бага газар үлдсэн. Уг асуудалтай холбоотойгоор нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтэй 103 иргэн нэгдэж, энэ сарын эхээр нийслэлийн ИТХ-д хандсан. Эдгээр иргэд хүсэлтдээ "1990 оноос хойших хүүхдийн паркийн эзэмшлийн газартай холбоотой мэдээлэл, хот төлөвлөлтийн мэдээлэл, нийслэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдтэй танилцах" тухай дурджээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтах юм байна.