Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тус бүс нутгийн хоёр чиглэлд хяналт, шалгалт хийж ажиллажээ. Шалгалтаар байгалийн цогцолборт тус газрын Сантын онцгой бүсийн зэрлэг амьтдын байршил нутаг, уулын тайгын жижиг нуур, цөөрмүүдийн ойр орчимд олон тооны автомашины мөр байсныг илрүүлсэн гэнэ. Эл газар нь улсын тусгай хамгаалалтад багтахаас гадна зэрлэг амьтдын амьдрах гол бүс нутаг учир хулгайгаар автомашин оруулах, зорчихыг ч мөн хязгаарладаг юм. Үүнээс гадна онцгой бүсэд хамаарах эл газраас хулгайгаар мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлжээ. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж буй бөгөөд иргэдийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, хамгаалалтын горимыг зөрчин, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхийг БОАЖЯ-наас анхаарууллаа.