Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон тус албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ногоон байгууламж, ландшафт зураг төсөл хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж, ногоон байгууламжийн ажлын төлөвлөлтийн талаарх төслийг хэлэлцсэн юм. Тус төслийн хүрээнд нийт 11 715 м2 талбайд хамгаалалтын ногоон зурвас байгуулж, эхний ээлжид 60 ширхэг 4-6 м өндөртэй том оврын нарс мод тарихаар төлөвлөжээ. Үүний эхлэл болгож өнгөрөгч бямба гарагт БХЯ-ны хашаан дахь талбайн мод бутыг хэлбэржүүлэн хортон шавжаас хамгаалж, мод шохойдох ажлыг хийж гүйцэтгэлээ. Учир нь тус талбайд олон жил арчилгаа, тордолт хийгдээгүй аж. Батлан хамгаалах салбарын ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь дээрх зорилт руу чиглэх бөгөөд энэ хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудыг цэцэрлэгжүүлж, мод тарьж ногоон бүсийг бий болгоно. Эхний ээлжид Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг “Жишиг ногоон байгууламж”-тай болгох зорилтыг дэвшүүлээд байна. Үүнтэй уялдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг тус ангид өнгөрсөн бямба гарагт ажилласан юм.