Цар тахал дэгдсэнээс хойш хүн төрөлхтний өдөр тутамдаа хэрэглэх амны хаалт, бээлий зэрэг нэг удаагийн хэрэгслийн хаягдал хэд дахин нэмэгдэх болжээ. Португалийн Авейро хотын эрдэмтэд цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд сард 129 тэрбум амны хаалт, 65 тэрбум нэг удаагийн бээлийний хаягдал үүсэж буй гэх тооцоолол гаргажээ. Харин НҮБ-ынхан дэлхий дахинд өдөр бүр 6.8 тэрбум нэг удаагийн амны хаалт ашиглагдаж байна. Үүний 75 хувь нь хогийн цэг, эсвэл далай тэнгист хаягдаж байгаа гэх таамаглал дэвшүүлсэн аж. Ийм хэмжээний хаягдал байгаль орчин, далай тэнгисийг бохирдуулаад зогсохгүй ан амьтны амьдрах орчин, цаашлаад аминд нь халтайг дэлхийн олон орны экологийн салбарынхан анхааруулж байна. Тиймээс хэрэглэсэн амны хаалтын уяаг тасалж, зориулалтын саванд хаях нь хүрээлэн буй орчноо хамгаалах нэгэн чухал арга хэмээн үзэж, хүмүүсийг амны хаалтаа хаяхдаа анхаарал болгоомжтой байхыг уриалжээ. Учир нь амны хаалтын уяа нь шувууны хөл, хүзүүнд орооцолдох, цаашлаад амьтны хоол боловсруулах эрхтэн зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг аж.