Долоон буудал, Дамбадаржааг холбосон гүүр орчим. Гол хоржигнон урсана. Зун, намрын хур борооноор хүч сэлбэхдээ яг л ингэж бор шараар урсдаг сан. Харин өдгөө цасны ус нэмэр болжээ. Ойр орчимд хүн ер үзэгдсэнгүй. Нүдэнд торох хог хаягдал байтугай том чулуу ч үл үзэгдэнэ. “Уг нь өдийд голын эрэг хавиар хүүхэд, хөгшид салхилж, машинууд тоос манарган хөлхөлддөг сөн. Дэндүү нам гүм байна” гэхэд “Миний дэлгүүр”-ийн худалдагч бүсгүй “Өвчнөөс болоод хөл хөдөлгөөн эрс татарсан. Хүмүүс машинаа голд угаалаа, хүүхдээ хараа хяналтгүй тоглууллаа гэсэн хэл ам байнга гардаг учраас цагдаа, онцгой байдлын албаныхан тогтмол эргүүл хийдэг. Өнөө жил ажиггүй л байна” хэмээв.
Зуун айл, Дарь-Эхийн уулзвар хэсэг. Гол туниа муутайхан урсана. Өнгө нь хэвээрээ ч үелзэн, хоржигнох хүч нь саарчээ. Сандаачаад, тууччихсан мэт олон салаа урсгалтай болсноос энд тэндгүй шавран “арал” үүссэн байв. Геодези, усны барилга байгууламжийн газрынхан тухайн хэсгийг үерийн аюултай бүс хэмээн үзэж, анхааруулга бүхий самбар байрлуулжээ. Гэвч үерлэх байтугай үргэлжлэн урсах тэнхээ ч түүнд дутах мэт. Голдирол хэсэгт ундаа, усны сав, гялгар уут хаа сайгүй үзэгдэнэ. Эрэгт нь хар ууттай хог овоолжээ. Ойртохын эцэсгүй эхүүн үнэр сэнхийнэ. Тэндхийн ресторан, зочид буудал, зоогийн газрынхан хогоо энд төвлөрүүлдэг болоод удсан гэнэ. Дулааны улиралд ялаа батгана шавааралдаж, золбин ноход цугладаг аж.
АНУ-ын ЭСЯ, XI хороолол орчим. Голдирлынх нь тэн хагас лаг, шавар, хогонд эзлэгдсэнээс голын өргөн эрс хумигджээ. Эрэг орчмынх нь бут, сөөг, өвс хог “цуглуулагч” болж хувирсан байна. Швейцарын хөгжлийн агентлаг, “Зориг сан”-гийн хамтарсан “Цэвэр гол” төслийнхөн хог шүүх зориулалттай торыг өнгөрсөн онд энд туршилтаар байршуулснаар нөхцөл байдал дээрдээд буй нь энэ гэнэ. Гэвч гялгар уут, цаас, ундаа, усны сав, тамхины иш хаа сайгүй хөглөрөх аж. Голын эрэг дагуух саравч, сандал бүгд эзэнтэй. Хүүхдээ салхилуулах эцэг, эх, хууч дэлгэн хөөрөлдөх настан энд тэндгүй нарлан сууна.
Токиогийн гудамж, “Скай” их дэлгүүр хавь. Энэ хэсэг бут, сөөг элбэгтэй, энхэл донхол ихтэй учир олны хөлөөс ангид. Гэвч хог багассангүй. Бут болгоны мөчир, ёзоороос гялгар уут дүүжлээстэй. Голын өргөн нь хоёр метр хүрэхтэй, үгүйтэй “агшжээ”. “North center”-ийн харалдаах эрэг орчмын өвс нүүрс аятай харласан байв. Учрыг нь тодруулбал, голын хөвөөнд тухалсан залуус гал алдаж, түймэр дэгдээх шахжээ.
Арслантай гүүр, МУИС-ийн Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн бүс. Шавар шавхай, хатсан зэгс, хог хаягдалд “ээрүүлсэн” гол энэ хэсэгт горхины дайтай болтлоо нарийсжээ. Голдирол дунд үүссэн “арал”-ууд нь хог төвлөрүүлэх цэг болсон байв. Тогтоол ус мэт бохир, үлбэгэр харагдах аж.
Гэр хорооллоос хотын төв рүү ойртох тусам байгалийн өнгөө гээж, хог хаягдалд дарагдан, лаг, шаварт “ээрүүлж”, голдирол, татмаасаа алсран “агшсан” энэ гол бол Хэнтийн нуруунаас эхтэй Сэлбэ. Хотын дундуур урссаар Туулд цутгадаг тус голыг нийслэлийн экосистемийн чухал бүрдэл хэсэг, хотын өнгө үзэмжид хувь нэмэр оруулагч, иргэд амарч, зугаалахад тохиромжтой цөөн газрын нэг гэж үздэг байсан бол өдгөө бохирдол, доройтолд бүрэн автжээ. Хогийг нь цэвэрлэж, лаг шавраас нь чөлөөлөхгүй бол урсгал нь боогдож, хэзээ мөдгүй тасрахад бэлэн болжээ.
Иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын залуус жил болгоны хавар Сэлбийг хогноос нь салгадаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Геодези, усны барилга байгууламжийн газрынхан тухайн жилийн санхүүжилтээс хамаараад, эл голыг лаг, шавраас ангижруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин өнөө жил цар тахлын нөлөөгөөр эдгээр ажил саатжээ. “Гялгар уутгүй Монгол”, “Уухай Монгол нэгдэл”, “Монголын залуу хуваргуудын холбоо”, “Таны гэгээн үйлс”, “Би бол-дэлхий хүн” зэрэг төрийн бус байгууллага, фэйсбүүк дэх сайн дурын бүлгэмийн залуус энэ сарын 10-нд “Голоо цэвэрлэх нь гэрээ цэвэрлэхээс ч чухал” хөдөлгөөнийг өрнүүлэхээр төлөвлөсөн ч хөл хорионы улмаас цуцалжээ. Үүний үр дүнд Сэлбэ голын жинхэнэ “төрх” энэ хавар улам тодорлоо. Бохирдол, доройтлыг нь иргэд “анзаарч” эхэллээ.
“Голден вилл” хотхоны 101 дүгээр байрны оршин суугч Н.Нарантуяа “Төрийн байгууллага, дүүрэг, хорооны хүмүүст найдах биш, иргэд өөрсдөө санаачилгатай, сэтгэлтэй байх хэрэгтэй. Сэлбийн цэвэрлэгээ хариуцсан ажилтнууд энүүхэнд бий. Тэд гол ямар байдалтай байгааг маш сайн мэднэ. Тэдний ажил хэн нэг даргын шийдвэр, төсөв мөнгөнөөс хараат учир дорвитой зүйл хийхгүй байна. Одоо цэвэрлэвэл ойр хавийн оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийг дайчлах хэрэгтэй. Манай энэ хавь Сүхбаатар дүүргийн VII хороонд хамаардаг. Энэ жил “онцгой” их хогтой болчихож. Ийм хогтой, шавар шавхайтай орчинд хэн ч хүүхдээ салхилуулахыг хүсэхгүй шүү дээ. Ямар ч сонголтгүй учраас л хүмүүс энд ирж байна. Дүүргээс нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг юм уу, эсвэл иргэд, аж ахуйн нэгжүүдийг уриалаад, зунаас өмнө их цэвэрлэгээ хийх хэрэгтэй” гэв. Харин “Consul town” хотхонд амьдардаг Г. Лажуу “Энэ хавийг (АНУ-ын ЭСЯ-ны зэргэлдээх) тохижуулна гээд улам дордуулчихсан юм шиг санагддаг. Оройн цагаар залуус их цугладаг. Хогийн сав байсаар байтал тамхины иш, шар айраг, ундааны саваа суусан газартаа орхиод явдаг. Зарим нь ил бие засчихаад, ариун цэврийн цаасаа хаядаг. Сайн анзаарвал голын эрэг дагуух бургас (бут)-нд баастай цаас, гялгар уут өлгөөтэй байгаа. Энэ хавийн хяналтыг сайжруулах нь чухал. Хүмүүс цугладаг хэсэгт камер байршуулах хэрэгтэй. Эсвэл нийслэл, дүүргээс цалинжуулаад, байнгын эргүүлтэй болгох шийдэл бий. Амьсгалах агаар, уух устай холбоотой асуудал учраас энэ зэргийн анхаарал хандуулахад болохгүй гэх зүйлгүй” хэмээн ярилаа.
Сэлбэ голын урсцыг сайжруулж, орчныг тохижуулах зорилго бүхий цөөнгүй төсөл, хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд танилцуулж, заримыг нь дутуу дулимаг хэрэгжүүлж, туршсан. Тус голтой холбоотой асуудал хөндсөн хүн, санаачилсан төсөл, хөтөлбөрийн тоогоор Сэлбэ сэргэдэг бол өдийд халгиж цалгих байв. Жинхэнэ эко, эрүүл орчин тэнд цогцлох байлаа. Гэвч тэгж чадаагүй. Төлөвлөлтгүй, судалгаа шинжилгээгүй ажил цаас, бодит байдал хоёрт хэрхэн зөрчилддөгийн бодит жишээ нь Сэлбэ болсон. Ил үзэгдэх хог хаягдлаас гадна далд бохирдолд бүрэн автжээ.
Тус голын урсцыг сайжруулж, экологийн доройтлыг бууруулан, хамгаалахын тулд зөвхөн нэг хэсэгт арга хэмжээ авах зохимжгүй хэмээн судлаач, эрдэмтэд дүгнэжээ. ШУТИС-ийн багш нар 2018 онд хийсэн “Сэлбэ голын орчны өнөөгийн байдал” сэдэвт судалгаандаа “Усан дахь бохирдуулагч бодисын бүтэц, эзлэхүүн нь байгалийн бүрэлдэхүүн хэсгийн өөрийгөө сэргээх, цэвэрлэх чадамжаас давахгүй бол гол өөрийгөө цэвэрлэж, нөхөн сэргээх боломжтой. Гэвч Сэлбэ голын бохирдлын хэмжээ энэ босгыг давсан” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн “Улаанбаатар гэр болон орон сууцын хороолол гэсэн суурьшлын хоёр хэлбэрт хуваагддаг. Сэлбэ гол нь төвлөрсөн дэд бүтцэд холбогдоогүй, хөрсний бохирдол, нүхэн жорлон, тоос шороо ихтэй гэр хороолол, зуслангийн бүсээр дамжин урсдаг нь ил болон далд бохирдол гаарах шалтгаан болж байна. Цаашид тус голыг байгалийн цогцолбор (эх бүрэлдэх), зуслангийн бүс, гэр хорооллын болон барилгажсан хэсэг гэж ангилан, энэ онцлогуудад тохирсон нөхөн сэргээх арга хэмжээ авах нь үр дүнтэй” гэжээ.
Тодруулбал, Сэлбэ гол байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжгүй болтлоо доройтож, бохирдсон байна. Түүнийг хамгаалахын тулд суурьшил, газар зүйн байршлыг нь онцгой анхаарах шаардлагатай гэнэ. Эс бөгөөс эргийг нь цементэлж, жил болгоны хавар хог, лагийг нь “зайлуулаад” ч нэмэргүй аж.