ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдаан, “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдааныг нэгдүгээр үе шатыг энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчин өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болсон билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин “Олон улсын цэргийн наадам”-д 2019 онд оролцогчоос зохион байгуулагч орны статустайгаар оролцож, “Аравт-2019” морин цэргийн олон улсын уралдааныг өөрийн нутагт зохин байгуулснаар дэлхийн орнуудаас томоохон үнэлгээ авч чадсан юм.
“Аравт-2021”, “Цэргийн ралли-2021” уралдааныг өөрийн нутагт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийн хурал дөрөвдүгээр сарын 6-нд болсон юм. Ажлын хэсгийг Монгол Улсын талаас “Олон улсын цэргийн наадам”-ыг зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг удирдан явуулж, тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм. “Аравт-2021” уралдааныг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн явуулахтай холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангах, “Цэргийн ралли-2021” уралдааны нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал болон явагдах газар орны маршрутыг тодотгох ажлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчтэй хамтран тавдугаар сарын эхний долоо хоногт багтан явуулахыг даалгасан юм.