Энэ сарын 4-ний байдлаар манай орны гол, мөрний мөсний зузаан өмнөх 10 хоногоос 10-35 см нимгэрч, хэврэгшин, цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд анхааруулсан билээ. Тиймээс нийслэлийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн мөс цөмөрч, халиа дошин үүссэн газарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ. Шар усны үерийн нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн 14, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт халиа дошин хамгийн их байгаа гэнэ. Тиймээс тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн уг газруудад суваг, шуудуу гаргах ажлыг тохижилт үйлчилгээний компаниудаар хийлгэжээ. Одоогоор тус дүүрэгт шар усны үер урсаж, халиа дошин нэмэгдэж, гамшгийн түвшинд хүрсэн үзэгдэл байхгүй гэнэ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Амандых “Холбогдох байгууллагынхан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л аргыг хэрэгжүүлсэн. Одоогоор манай дүүрэгт шар усны үерт автсан талаарх дуудлага, мэдээлэл ирээгүй байна.
Энэ нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлсэнтэй холбоотой болов уу. Гэхдээ байгалийн гамшигт болон давагдашгүй хүчин зүйлийг урьдчилан таамаглах боломжгүй. Тиймээс халиа дошны ойролцоо гэр барьсан, шар усны үерт өртөх эрсдэлтэй айлууд сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэр дундаа шар усны үер нэмэгдсэн энэ үед усаар дүүрдэг далан, шуудуун ойролцоо бага насны хүүхэд тоглуулахгүй байхад анхаарах хэрэгтэй гэв.
Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 40, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт халиа дошин хайлж, айл, гудамж, талбай усанд автлаа гэх дуудлага онцгой байдлын газарт багагүй бүртгэгджээ. Үүнээс зургаан айл усанд автсан бөгөөд тавыг нь нүүлгэн шилжүүлж, нэгийг нь үлдээсэн гэнэ. Холбогдох албаныхан зарим айлын хашааны усыг зөөж, зайлуулахаас гадна жалганы мөстсөн талбайд 1500 суваг татаж, мөс ачиж, зайлуулах гүүр доорх гарцыг нээх ажлыг хийсэн гэнэ.
Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргээс гадна Чингэлтэй дүүргийн Ногоон нуур, Баянзүрх дүүргийн Нарантуул худалдааны төвийн зүүн талын гэр хорооллын орчимд жил бүр халиа хайлж, шар усны үерт автдаг гэнэ. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.