Төрийн албаны зөвлөлөөс нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл өгч, нийслэл, дүүрэгт хийж буй зарим дэвшилттэй ажлыг онцлоод цаашид дараах ажлууд дээр анхаарал хандуулахыг зөвлөлөө. Төрийн албанд хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах, төрийн албан хаагчдын тоог зохистой түвшинд байлгах, өндөр ур чадвартай иргэдийг ажиллуулах, ажлын үр дүн гаргаж байгаа албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, төрийн байгууллага хооронд санамж гэрээ байгуулахгүй байх, бэлэг дурсгалын зүйлс солилцохгүй байх, үйл ажиллагааг цахимжуулах талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн тухай мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа хороо, дүүрэг, нийслэлийн түвшнээр хязгаарлахгүй удирдахуйн шинжлэх ухааны "Helicopter view" буюу байгууллага, салбараа бүхэлд нь том зургаар, өргөн хүрээнд өөр өнцгөөс харж, алс хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон, хийх ажлаа төлөвлөн ажиллахыг онцлов.