Агаар, хөрс, усны бохирдол нийслэлчүүдийн толгойн өвчин болоод уджээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нийслэл орчмын хөрсний бохирдлыг дундаж түвшинд буюу хэвийн байна гэж дүгнэсэн гэнэ. Харин гэр хороолол, томоохон зах, худалдааны төвийн ойр орчимд үүссэн хур хогийн цэгийн хөрсний бохирдол их, зарим хэсэгт гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрсэн болохыг тогтоожээ. Тодруулбал, Цагаан давааны хогийн цэгт хөрсний 3-5 метр гүнд хамгийн их нянгийн бохирдолтой гарсан гэнэ. Тэгвэл хөрсний хүнд металлын бохирдол хамгийн ихтэй газар нь Да хүрээ зах бөгөөд хартугалга, кадми, зэс, цайрын бохирдол их хэмжээгээр хуримтлагджээ. Тиймээс Да хүрээ зах орчмын хөрсний бохирдлыг бууруулах туршилт, судалгааг Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс өнгөрсөн онд хийсэн байна. Туршилтын хүрээнд хэсэг газрыг сонгон авч наранцэцэг, эрдэнэшиш тарьсан гэнэ. Наранцэцэг тарьсан хэсэгт хөрсний бохирдол 39.1, эрдэнэшиш ургуулсанд нь 40.5 хувиар буурсан болохыг Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс мэдээллээ.